Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын дуучин Л.Насанбуянг “Залуус” буландаа урьж ярилцлаа.
-Поп хатагтай Б.Сарантуягийн гарын шавь гэдгээр чинь хүмүүс илүү таних болжээ. Насаа аль нутгийн, ямар удам судартай бүсгүй вэ?
-Би Баянхонгор аймгийн уугуул, нийслэлийн суугуул хүн болоод байна. Багадаа дуулж, бүжиглэх дуртай охин байлаа. Эмээ маань уртын дуу сайхан дуулдаг хүн байсан гэж аав, ээж маань ярьдаг юм. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн СУИС-д элсэн орж, төгсөөд Улсын филармонийн “Баян Монгол” чуулгад дуучнаар ажиллаад жил гаруй болж байна.
-Амьдрал хүнээс эрч хүч, өрсөлдөөн, тэмцэлд ялахыг шаарддаг. Урлаг ч мөн адил. Багш тайзнаасаа буух болоогүй байна. Залуу дуучдаас өөрийг чинь яагаад сонгож, шавиа болгосон юм бол?
-“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд 2007 онд оролцоод би шилдэг 15-д үлдсэн. Намайг дуулж байхыг багш хараад өөрийн дүнгээ тавьсан юм билээ. Гала тоглолтын дараа ирээд надаас юм асууж, баяр хүргэсэн. Миний мөрөөдөл болсон тэр том дуучин баяр хүргэсэнд би маш их баярласан. Хүн өөрт нь тааламжтай хандаж буйг нь мэдрэгддэг дээ. Би тэр даруй багшийн утсны дугаарыг аваад байнга ярьдаг болсон. Сэргэлэндсэн гэх үү дээ.
-Багш шавь болох саналыг чи тавьсан юм байна, тийм үү?
-Тийм ээ, би байнга ярьж, надад зааж сургаж өгөөч гэж гуйсан. Багш маань тухайн үед “Бололгүй яахав” гэсэн ч миний араас хөөцөлдөөд гүйх зав хаана байхав дээ. Ямар ажил хийх вэ, би юу хийх ёстой вэ гээд л байнга утасдаад гүйгээд байсан. Оюутан байхдаа гурван дуу бичүүлснээ сонсгоод, зөвлөгөө авах гээд л. Нэг үгээр хэлбэл, салж өгөхгүй байсан хэрэг. Надаас өмнө Мишээл эгч, бас дуучин Ану шавь нь больё гэж хандсан юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг даа. Үнэхээр шавь нь больё гэж шийдсэн бол уйгагүй хөөцөлдөж, өөрөө гүйж байж л хүнээс их зүйл сурна шүү дээ. Аливаа зүйлд цаг хугацаа, зарчим, шалгуур гэж байдаг. Тэр бүгдийг даван туулж, шавь нь болсон. Багш маань 1996 онд Баянхонгорт тоглолтоор ирсэн. Аймгийн театр дүүрэн хүнтэй, суудал байдаггүй. Суудалгүй ч эгчтэйгээ тэр тоглолтыг үзэж байсан. Тайзан дээр дуулж байгааг нь хараад үнэхээр биширч “Би том болоод ийм дуучин болно доо” гэж өөртөө амласан юм. Магадгүй миний чин сэтгэлийн хүсэл, амлалт багшид нөлөөлж, би шавь нь болсон байхыг үгүйсгэхгүй.
-Чиний ярианаас сонсоод байхад багш чинь шаардлага өндөртэй бололтой. Чухам ямар шаардлага тавьдаг вэ?
-Тийм ээ, өндөр шаардлагатай. Багш шударга, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг шаарддаг. Худлаа ярьдаг хүнд үнэхээр дургүй. Би ч бас тийм зантай болохоор биднийг холбосон байж болох юм. Багш маань “Би чамайг дуучин болгоно. Өөрийнхөө дайны дуучин болгоно” гэж надад хэлж байсан. Багш аливаа зүйлийг зааж сургахдаа шат алгасдаггүй. Дуучин болох хүн ямар шатаар явж, ямар зам туулах ёстой вэ, тэр бүгдийг хийлгэнэ. Суурь муутай барилга хэврэг, амархан нурна. Яг л түүнтэй адил сууриас нь эхлээд тоосго бүрийг нягт нямбай өрөхийн шаарддаг. Тиймээс багшийнхаа хичээл зүтгэлийг мэдэрч, өөрөө их хичээдэг.
-Чи анх хэдэн настайдаа тайзан дээр гарч байв. Дараа нь алдартай дуучин багштайгаа хамт хэзээ тайзан дээр гарсан бэ?
-Манай Баянхонгорт “Би эстрадын дуучин” тэмцээн болдог байсан юм. Цэцэрлэгийн хүүхдүүдээс би тэргүүлж, долоон настайдаа анх медаль авсан. Хүүхэд байсан болохоор айж сандралгүй дуулж байснаа санаж байна. Харин 2007 онд багш тайгаа анх удаа тайзан дээр гарсан. Багштайгаа нэг тайз дээр гарна гэдэг агуу л даа. Би айгаад, дуулъя гэхээр нэг л болж өгөхгүй сандраад, бүр өвдөг чичирсэн. Багштайгаа хамтраад “Чинийх биш” гэдэг дууг дуулахдаа сандарсандаа алдаа олон гаргасан. Миний багш хүний алдааг хэлэхдээ шууд загнаад байдаггүй. Урам хайрлахдаа алдааг нь эвтэйхэн хэлчихнэ. “Хүн чаддаг зүйлээ хийсэн шиг хийх ёстой” гэж хэлсэн үгийг би үргэлж бодож, аливаа зүйлийг хийсэн шиг хийхийг хичээдэг.
-Анзаараад байхад та хоёр багш шавь гэхээсээ илүү эгч дүүс мэт болчихсон юм шиг санагдсан.
-Багш шавь болоод таван жил гаруй болж байна. Багшийгаа ойлгож, чин сэтгэлээсээ мэдэрдэг болоход бараг гурван жил гаруйг зориулсан байх. Одоо л бид биенээ хэнээс ч илүү ойлгодог болсон. Таны хэлж байгаа үнэн. Миний аав, ээж Баянхонгорт байгаа. Багш маань миний ээж, аавыг орлох үе бий. Заримдаа эгч минь ч юм шиг, хааяа найз бүсгүйчүүд шиг байдаг. Гэхдээ багш шавийн нандин харилцаагаа үргэлж дээдэлж явдаг. Аав, ээж маань гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн шавь болсныг дуулаад маш их баярласан.
-Багш шавь болоод багагүй хугацаа өнгөрлөө. Багшаасаа их зүйл сурч байна уу?
-Хүмүүс надаас энэ асуултыг байнга асуудаг. Юу сурч байна, чамд юу зааж байна гээд л. Би маш их зүйл сурч байгаагаа өрөө мэдэрдэг. Одоо эргээд бодоход багшийнхаа 60 гаруй тоглолтод оролцож, 2007 онд “Хайрламаар“ тоглолтоор эх орноо бүтэн тойрсон. Ажлаа хийх шаардлага гарсан болохоор “Аргагүй Монгол аялгуу” тоглолтыг дуустал нь явж чадаагүй. Багшийн тоглолт надад их зүйл сургадаг, нөгөө талдаа түүх болж байгаа нь хамгийн сайхан. Дуучин хүн тоглолтын өмнө сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэх ёстой, яаж амьдаар дуулдаг, зөв шийдвэр хэрхэн гаргах ёстой вэ гэх мэт олон зүйлийг сурдаг.
-Амьдрал нэг л өнгөтэй байвал утгатай, уйтгартай шүү дээ. Та тэр олон өнгийн аль нь вэ?
-Зарим хүн багштайгаа адилхан дуулах гээд байна гэдэг. Нэг талдаа гавьяат жүжигчин хүнтэй адил дуулж байна гэж хэлүүлэх сайхан л байдаг. Харин багш “Чи миний шавь ч стиль, имиж чинь тэс өөр байх ёстой” гэдэг. Дуучин бүхэн өөрийн гэсэн тембр, онцлогтой байдаг. Тэр онцлогоо хадгалаад багшийнхаа сайн сайхан зүйлээс суралцах ёстой гэж би боддог. Хийж бүтээх ид насандаа, дурласан мэргэжилдээ хөтлөгдөн яваа нэгэн, би. Өнгөөр илэрхийлбэл цагаан юм даа. Би СУИС-ийн дуурийн дулаачийн ангид сурч байсан юм. “Ододын эрэлд” уралдаанд түрүүлэхэд Д.Дашиймаа багш “Чи дуурийн биш эстрадын дуучин болвол илүү амжилтад хүрэх юм байна. Ангиа соль” гэснээр би Д.Ухнаа багшийн шавь болж, сургуулиа амжилттай төгссөн. Цагийн юмыг цагт нь хийж, эргээд харахад харамсах зүйлгүй амьдрахсан гэж хичээж явдаг.
-Олны хайр хүндэтгэл хүлээнэ гэдэг амаргүй. Таны багшийг маскгүй дуучин гэж олон хүн хэлдэг. Амьдралын үнэнийг бусдаас нууж, худлаа ярьдаггүй нь бусдаас ялгарах нэг онцлог нь гэж би боддог?
-Тийм шүү. Бусдад таалагдах гэж худлаа ярьж, дүрд хувирдаггүй. Ямар ч үед, хэнтэй ч нэг л зангаараа байдаг нь манай багшийн давуу тал. Шударга зан чанар нь олны хайр хүндэтгэлийг хүлээдгийг олон фэнийнх нь ярианаас би мэдэрсэн.
-Багшаасаа гадна өөр ямар дуучныг сонсодог вэ?
-Олон сайхан хүн бий. Мэдээж багш маань нэгдүгээрт. Дуурийн дуучдаас ардын жүжигчин А.Долгор, дуучин Ө.Уянга, Лхагваа, “Чингис хаан”-ы Жагаа ах, Ариунаа эгч, гээд олон дуучин байна. Нийтийн дуучдаас Д.Намсрайноров бусдаас ял гарах тембртэй гэж боддог. “Шуранхай”, “Sweet ymotion” хамтлагийг сонсох дуртай.
-Бие даасан уран бүтээл, тоглолт хийх төлөвлөгөө байгаа биз дээ. Хэзээ залуусыг байлдан дагуулсан тоглолт хийх гэж байна даа?
-Анхны бие даасан “Хэзээ ч мартагдашгүй” цомгоо өнгөрөгч наймдугаар сард гаргахад ерөнхий продюсерээр Сараа багш, “Saraa is misic” продакшн ажилласан. “Цас”, “Чинийх биш”, “Мартлаа гэж үү” гэх мэт дуундаа клип хийж олны хүртээл болгосон. СУИС-ийг төгссөн оюутан бүр бие даасан тоглолт хийдэг л дээ. Би тоглолтоо 2009 онд багшийнхаа удирдлага дор филармонид хийж, бүх дуугаа амьдаар дуулсан. Тоглолтоо нутагтаа хоёр удаа хийсэн. Нутагтаа очихоор хоолой хүртэл өөр болчихдог юм билээ. Би бүжиглэж дуулах дуртай. Бүжгийн хичээлд явдаг.
-“Мартлаа гэж үү” дууны клипийг үзсэн. Балетийн бү жигчний дүрийг чадварлаг гаргасан байна лээ?
-Баярлалаа. Клипний санааг багш гаргасан. Балетийн багшаар заалгаж бүжигчний дүрд чадан ядан тоглосон.
-Багшийнхаа нарийн бичиг, шавь, дуучин гэх мэт олон ажил амжуулдаг юм байна. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх зав хэр гарч байна даа?
-Өнгөрсөн жил англи хэлний сургалтад зургаан сар суусан. Дуучин хүн зөвхөн дуулах бус тал бүрийн мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой. Цаашдаа суралцаж, өөр мэргэжил давхар эзэмших бодолтой явдаг.
-Ямар мэргэжил сонгох вэ?
-Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр суралцах бодол бий.
-Гэрлэж амжаагүй л явна уу?
-Тийм ээ, үнэндээ зав болохгүй л байна. Найз залуутай байсан ч больсон. Урлагийн хүнийг ойлгохгүй хүнтэй хамт амьдарна гэдэг хэцүү юм билээ. Ганц бие байхад их зүйл амжуулдаг юм байна. Өглөө хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд ямар зүйл хийх ёстойгоо төлөвлөөд, багш тайгаа ярьж, дараа дараагийнхаа ажлыг зохицуулна. Хөдөөнөөс аав, ээж яриад тийм зүйл аваад явуулаач гэхээр заримдаа амждаггүй тал бий. Түүнээс бусад ажлыг амжуулж л явна.
-Удахгүй багштайгаа Лондонд тоглолт хийх гэж байгаа гэсэн үү. Хэзээ явах гэж байна?
-Багш 2006 онд байх аа. Тоглолт хийхээр очоод эрүүл мэндийн байдлаас болоод хийж чадалгүй ирэхэд тэнд амьдардаг монголчууд гомдолтой үлдсэн гэсэн. Багш амласан ёсоороо очиж тоглох гэж байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Монголын нэрийг дуурсгасан алдартай, сайн дуучин болохыг хүсье.
Х.ОЮУНСҮРЭН