Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар хэ мээх газраас олдсон эртний нүүдэлчдийн томоохон язгууртны бүрэн бунхант булшны олдворуудаас бүрдсэн үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээгдлээ. Тус үзэсгэлэнг сонирхохоор эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, оюутан сурагчид танхим дүүрэн цугласан байв. Монголд төдийгүй Төв Азийн бүс нутагт ховорхонд тооцогдох эдгээр олдворт асар их түүх, ёс заншил агуулагдаж байгаа нь мэдээж. Судлаачдын үзэж байгаагаар энэ бунхант булш Түрэг угсааны нүүдэлчдийн аль нэг язгууртны булш аж. Уг булшны толгой талд цул алтаар хийсэн аяга, хөлнийх нь доод талд торгонд ороож хийсэн хийц сайтай 50 орчим алтан зоос, алтан ээмэг, бөгж байсан бөгөөд хаалганых нь цоожийг хүртэл алтаар урласан байжээ. Мөн ханын зураг, шавраар хийсэн морьтон баатруудыг маш нарийн хийцтэйгээр урласнаас гадна өнгө будаг ялган ихээхэн хөдөлмөр зарцуулсан нь илт. Булшны хоёр талд арслан толгой, ирвэсийн бие, барын хөл гэх мэт олон амьтны онцлог шинжүүдийг өөртөө агуулсан дийлдэшгүйн бэлгэ тэмдэг болсон хүчирхэг амьтныг дүрсэлсэн байна. Монгол орны нутаг дэвсгэр дээр ийм их өв соёл, билиг ухаан байсан гэж бодохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Үзэсгэлэнгийн үеэр бид Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, та. Үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би хэтрүүлж байж болно шүү. Нуулгүй хэлэхэд надад “Бид хойшоо яваад байна уу, урагшаа яваад байна уу” гэсэн асуулт төрж байна. XXI зуун бол сэтгэлгээний зуун, харин дундад зууныг бүдүүлэг харанхуй зуун гэдэг. Гэтэл энэ олдворуудыг харахад гайхах юм их байна. Алтыг боловсруулсан, хээ хуар тавьсан байдал гээд өнөөдрөөс илүү сэтгэлгээ, ёс заншил нуугдаж байгааг харахдаа, өнгөрсөн зууныхаа талаар буруу ойлголттой яваад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрж байна. Тэнд бишгүүр хөгжим барьсан морьтой цэрэг явж байна, шавар хүүхэлдэйнүүдийн өмссөн зүүсэн хувцас, нүүрний хувиралт зэргийг харахад маш нарийн урлаг, ухаан нуугдаж байна. Алтан эдлэл дээр хийсэн хээ угалз бол өнөөдрийн бидний яагаад ч чадахааргүй маш нарийн урлалууд байна. Иймээс өнгөрсөн үеийг яавч үгүйсгэж болохгүйг харуулж байгаа юм.
-Дэлхийд ховор иж бүрэн олдвор Монгол нутгаас олдлоо энэ тал дээр?
-Энэ бол дэлхий төдийгүй хүн төрөлхтний маш том нээлт. Дэлхийн судлаачид баг болж судлах байх гэж бодож байна. Харин энэ бүхнийг дэмжиж төрөөс хадгалах, хамгаалах, үзүүлэн таниулах ажлыг хийх нь зөв. Ийм их түүх агуулсан олдворыг дэлхий дахинд мэдээлж, суртчилан таниулж, шинэ түүхийг нээх ёстой. Олон улсын түүх судлаачид Монголын зүг цувах нь гарцаагүй. Ингэх нь ч хэрэгтэй.
-Бунхныг хамгаалуулж арслан толгойтой амьтан шавраар урлажээ. Үүнээс харахад тухайн үед бэлгэдэх ёс их байжээ?
-Хийж байгаа зүйл бүхэн нь бэлгэдэл байж. Бид л түүнийг урлаг гэж хараад байдаг. Бэлгэдэх, амьдрах хоёр нь эн тэнцүү оршин байж. Бид үүнээс юу олж харах ёстой вэ гэвэл эртний хүмүүс бодит амьдралаас илүүтэйгээр хоосон чанарын ертөнцийг сонирхон үзэж, түүнийгээ бэлгэдлээр илэрхийлэн гаргаж, бодит амьдралтайгаа холбодог байж. Энэ бол агуу сэхээрэл, агуу чадвар байхаас гадна байгаль дэлхийтэйгээ эх хүү хоёр шиг нарийн холбоотой байсны илэрхийлэл юм.
-Судлаачид энэ бунхант булшийг түрэг угсаатны аль нэг том язгууртны булш хэмээн тодорхойлж байгаа?
-Энэ хүний эдэлж хэрэглэж байсан бөгж, бугуйвч, аяга бусад эд зүйлсийг харахад яавч над шиг хүн биш гэдэг нь ойлгомжтой. Энэ магадгүй тухайн үедээ тэр газар нутгийн тэргүүлэгч, удирдагч нь байсан байх. Газрын дундад тэнгисийн зоос энд байна гэдэг чинь энэ газар нутаг өөрөө VI зуунд дэлхийн асар том худалдааны төв байсан байх магадлалтай юм. -Энэ бол үзээд өнгөрөх олдвор биш гэдэг нь ойлгомжтой. Хүмүүс гайхаж бас бахархан хүлээн авч байна? -Монголчуудын эрин үе эхэлж байна. Бидэнд зэс, алт гээд баялаг их бий. Гэхдээ өөр баялаг бас байгаа гэдгийг нотлож, байгаль нь хүртэл түүхээ нээж байна шүү дээ. 1500-гаад жилийн дараа ийм том олдвор олдоно гэдэг бол агуу их ололт. Ийм зүйл үзэж хардаг бид азтай хүмүүс. Гэвч хэрхэн “халбагадах”-аас л бүх юм шалтгаална даа.
Л.МӨНХЧИМЭГ