Талын нүүдэлчин монголчууд арилжааны жишиг хэрэгсэл зоосон мөнгөн тэмдэгтийг эртнээс хэрэглэж эхэлжээ. XIII зууны хоёр дугаар хагаст Их Монгол Улс таван хэсгээс бүрдсэн холбооны улсын шинжтэй дэлхийн хэмжээний асар том гүрэн болов. Гүрний хэмжээнд эдийн засаг, нийгэм, соёлын аливаа үйл ажиллагааг газарзүйн байршлын дагуу уян хатан, ялгаваргүй явуулж байсан нь Монголын эзэнт гүрэн он удаан жил оршин тогтнохын үндэс байлаа. Эзэнт гүрний гүйлгээ арилжааны үндсэн хэрэгсэл нь алт, мөнгө, зэс, хүрэл зоос байв. Дундад Ази, Араб дахины зоосон мөнгө бүтээн хэрэглэх уламжлалын дагуу монголчууд тухайн цаг үед төр барьж байсан хааныхаа нэр, цол бүхий зоосыг бүтээж гүйлгээнд оруулж байжээ. Монголын эзэнт гүрнээс өдгөөг хүртэл тэсэж үлдсэн 255 ширхэг зоос одоогоор олдоод бай гаа бөгөөд тэдгээрийг Засгийн газрын тогтоолоор Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэсэн юм. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгал хэмээн зөвшөөрөгдсөн зоо снуудыг Мон гол төрийн музейд хадгалж байгаа. Тэдгээрээс ховор сонин, түүх өгүүлэх заримыг нь онцлон танилцуулж байна. Монголын эзэнт гүрний эдгээр зоосон мөнгөнөөс монголчуудын овгийн тамганаас эхлээд хаадын нэр, цол, он дараалал, газар нутгийн нэр зэрэг түүх судлалд ихээхэн үнэ цэнэтэй баримтуудыг мэдэх боломжтой. Монгол хаадын зоос нь олон хэлний бичээстэй байдаг онцлогтой бөгөөд худам монгол, монгол дөрвөлжин бичгээс гадна араб, перс, түрэг, хятад, орос, гүрж, латин зэрэг олон орны бичиг соёлын арвин их өв санг хадгалж байдаг.
ЧИНГИС ХААНЫ АЛТАН ЗООС
Газни хот (Афган улс) 1220-иод он. Жин 3.2 гр, голч 23 мм Нүүрэн талд “Хаадын хаан аугаа их Чингис хаан”, ар талд “Аллахаас өөр бурхан үгүй. Мухаммед бол Аллахын элч” гэх Коран судрын ишлэл, Багдадын Халиф Насирын нэр цолыг бичжээ. Чингис хааны нэр бүхий уг алтан зоос 1996 онд Пакистанаас олдсон бөгөөд мөн Дундад Азийн Газни, Бухар, Самарканд, Астарабад хотуудад их хааны нэртэй алтан зоос гаргаж байсан нь мэдэгдэж байна.
ӨГЭДЭЙ ХААНЫ МӨНГӨН ЗООС
хойд Иран 1230-1240-өөд он. Жин 2.8 гр, голч 21.5 мм Нүүрэн талд “Их эзэн хаган”, ар талд Коран судрын ишлэл бичжээ. Өгэдэй хааны нумт зоос гэж судлаачдын дунд алдаршсан онцгой ховор зоос.
ДӨРГЭНЭ ХАТНЫ МӨНГӨН ЗООС
Нахачиван хот (Азербайжан улс) 1240-өөд он. Жин 2.9 гр, голч 21.5 мм Нүүрэн талд “Их Монгол Улсын ханхүү” гэсэн утгатай түрэг үгийг араб бичгээр бичиж, түүний дор эргэж харан нум харваж буй морьтныг дүрсэлжээ. Ар талд нь Коран судын ишлэлтэй уг зоосыг 1241-1246 онд төрийн эрхийг барьж байсан Өгэдэй хааны хатан Дөргэнэ гаргажээ.
ГҮЮГ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Гүржийн нийслэл Тбилис хотоос олджээ. Уг зоосны нүүрэн талд “Тэнгэрийн хүчин дор Гүюг хаан, боол Давид хаан”, ард нь “Морьтон, 467 дугаар он” гэж бичжээ. Энэ нь 1247 он юм. Гүржийн IV Давид хаан 1247 онд Монголын их хаан Гүюгийн нэрээр зоос гаргаж байсны нэг нь энэ юм. Хэлбэрийн хувьд онцгой ховор бөгөөд одоогоор цорын ганц хувь олдсоныг Төрийн түүхийн музейд хадгалж байна.
ГҮЮГ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Хархорум хот (Их Монгол улс) 1246-1249 он. Жин 2.9 гр, голч 20 мм Нүүрэн талд араб хэлний Аллах гэдэг үгийг Гүюг хааны холбоо онгин тамгатай хамт дүрсэлжээ. Ар талд Монгол бичгээр “Хорум” гэсэн нь Хархорум гэсэн үг гэж судлаачид үздэг. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын нэрийг зоосон дээр бичсэн нь түүхийн хосгүй үнэт баримт болж байна.
МӨНХ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Жин 2.7 гр, голч 2.5 мм Нүүрэн талд нь “Аугаа Мөнх хаан” гэж бичсэн байх ба Мөнх хааны давхар сэрээ тамгыг дүрсэлжээ. Ар талд “Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед бол Аллахын элч” хэмээх Коран судрын ишлэл, Мөнх хааны давхар сэрээ тамгатай. Уг зоосыг Гүржийн Тбилис хотод 1255 онд бүтээжээ.
АРИГБӨХ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Булгар хот (ОХУ). 1260-аад он. Жин 0.7 гр, голч 16 мм. Нүүрэн талд “Эрхэм дээд Аригбөх хаан”, ард нь “Булгарт дэлдүүлэв” гэсэн бичээсний голд Аригбөх хааны хоёр үзүүрт сэрээ тамгатай. Аригбөхийн нэр болон овгийн тамгатай зоос Алтан ордны улсад Бэрх хааны үед гарсан нь тухайн үед ах Хубилайтай хаан ширээ булаалдан тэмцэлдэж байсан Аригбөхийг Алтан ордны Бэрх хаан дэмжиж байсныг гэрчилдэг. Үүгээрээ түүх өгүүлэх онцгой үнэт зоос юм.
ХАЙДУ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Бухар хот (Узбек улс) 1270-1301 он. Жин 1.8 гр, голч 20.5 мм Нүүрэн талд “Бухарын зоос” гэсэн араб бичээсний гол дунд Өгэдэй хааны угсааны Хайду ноёны буруу эргэсэн дэгэрэ тамгатай. Ард нь “Их эзэн” хэмээн бичжээ. Өгэдэй хааны нуман болон дэгэрэ тамгатай байсныг түүний удмынхны зоосон дээрх тамганууд гэрчилдэг. Зоосон дээр түүний нэг болох Хайду хааны том дэгэрэ тамгыг дүрсэлжээ.
МӨНХТӨМӨР ХААНЫ ЗЭС ЗООС
Крым хот. (ОХУ) 1267-1280 он 0.9 гр, 20 мм Нүүрэн талд нь “Крымд дэлдүүлэв” гэсэн бичээсний голд Бат хааны удмын тамгатай. Ар талд “48 зоос нэг ярмактай тэнцэнэ” гэсэн бичээсний голд мөн Бат хааны удмын тамгатай. Зүч болон түүний удмынхан онгин тамганаас шинээр овгийн тамга үүсгэн хэрэглэж байсныг гэрчилдэг онцгой үнэ цэнэтэй зоос юм.
ТОГТОХ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Мажаар хот (ОХУ) 1310 он. Жин 1.3 гр, 20 мм. Нүүрэн талд “эрхэм дээд Тугтун (Тогтох) хаан” гэсэн, хааны нэрийг монгол дөрвөлжин үсгээр бичсэн онцлогтой. Ард нь”Мажаарт дэлдүүлэв 710 он” гэжээ. Монгол дөрвөлжин үсгийн маш ховор бөгөөд нандин дурсгалын нэг. Алтан ордны улсад гарсан монгол дөрвөлжин бичээстэй зоос үүнээс өөр олдоогүй.
ХҮЛҮГ ХААНЫ МӨНГӨН ЗООС
Мардин (Турк улс) 1256-1265 он. Жин 2.9 гр, голч 24 мм Нүүрэн талд “Аугаа их Мөнх хаан ба Хүлүг хаан”, ард нь Коран судрын ишлэл бичсэн. Ил хаант улсыг байгуулсан Хүлүг хаан өөрийн зоосон дээр Их хаан Мөнхийн нэрийг өөрийн нэртэй хамт бичсэн тохиолдол мэр сэр байдгийн нэг нь энэ зоос.
АРГУН ХААНЫ АЛТАН ЗООС
Багдад хот (Ирак улс) 1284-1291 он. Жин 6.5 гр, голч 24.5 мм Нүүрэн талд “Хаганы нэрээр дэлдүүлсэн” гэж монгол бичгээр, “Аргун” гэж арабаар бичжээ. Ард нь Коран судрын уламжлалт ишлэл. Ил хаант улсын хаадын зоосон дээр ихэвчлэн монгол бичээс орсон байдаг онцлогтой бөгөөд хааны нэрийг арабаар бичсэн байдаг. Түүний төлөөлөл энэ зоос юм.
ГАЙХАТ (РИНЧИНДОРЖ) ХААНЫ АЛТАН ЗООС
Язд хот (Иран улс) 1291-1295 он. Жин 2.5 гр, голч 20 мм Нүүрэн талд нь “Хаганы нэрээр Гайхатын дэлдүүлсэн” гэж монголоор бичсэн. Гайхат (Ринчиндорж) хаан зоосонд ихэвчлэн “Ринчиндорж” хэмээх монгол нэрээ бичдэг байсан бол энэхүү зоосонд “Гайхат” нэрээ бичсэн нь маш ховор тохиолдол юм.
ХАЙСАН ХҮЛЭГ ХААНЫ ХҮРЭЛ ЗООС
Юань улсын үе (БНХАУ) 1301-1311 он. Жин 18.3 гр, голч 41 мм Нүүрэн далд “Да Юань тон бао” буюу “Их төрийн гүйлгээний эрдэнэ” гэж бичиж, ар талыг нь цулгуй үлдээжээ. Юань улсын хаадын зоос ихэвчлэн дөрвөлжин, дугуй нүх гаргасан, цутгаж хийсэн байдаг онцлогтой.
ЗҮҮНГАРЫН ГАЛДАНЦЭРЭН ХААНЫ ЗЭС ЗООС
Яркенд хот (БНХАУ) 1727-1745 он. Жин 7.6 гр, голч 17.5 мм Нүүрэн талд “Галданцэрэн” гэж доороос дээш араб үсгээр, ард нь “Яркендад дэлдүүлэв” гэжээ. Зүүн гарын хаант улсын Галдан бошгот хаан зоос гаргаж байсан тухай сурвалжид дурдсан байдаг ч биетээр олдоогүй. Өнөөг хүртэл олдсон Зүүнгарын хаант улсын хоёр зоосны нэг нь энэ
Х.УЯНГА