Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн зүтгэлтэн, сэтгүүлч мэргэжилтэй Жереми Уолкерийн Монголд айлчилсан аян замын тэмдэглэлийг толилуулж байна. Эдүгээ 52 настай Уолкер Их Британийн Бригхауст төрсөн, “Бэйлифф Бриж” бага сургууль, Хипперхолмын дунд сургуулийг төгссөн. Тэрбээр Халифаксын “Эвенин Курьер”, Хаддерсфильдийн “Дэйли Экзаминер” сонинд ажиллаж байгаад 1989 оноос Хонконгт шилжиж ирсэн бөгөөд одоо БНХАУ-д амьдарч, Азийн олимпийн зөвлөлд ажиллаж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цасанд хучигдсан захын дүүрэгт орших олон улсын багавтар нисэх буудалд буух үедээ би бямба, ням гаригийн үд, үдшээр хийх бүхнээ яв цав товлоод байсан бөлгөө. Хотын төвийн зочид буудалдаа бууна, ВВСгийн дэлхийн мэдээг амжиж үзээд, оройн хоолоо дажгүй зоогийн газарт идсэний дараа зочид буудалдаа эргэн ирж, Зүүн Азид бямба, ням гаригийн үдэш бүр гардаг Английн Премьер-лигийн тоглолтыг аль нэгэн улсын хэлээр ямар нэгэн сувгаар үзэх болно.
Гэвч монголчууд цагаан сараа тэмдэглээд дөрөв хонож буй үед, тодруулбал хоёрдугаар сарын 25- ны бямба гаригт ганцаараа цагийг өнгөрөөнө гэдэг байж боломгүй зүйл ажээ. Энэ улсад зочилж ирсэн гийчний хувьд би гэр бүлийнх нь цаашлаад баяр хөөрийнх нь салшгүй нэг хэсэг болж орхилоо.
Нэрийн хуудаснаас нь харж тун нямбай няхуур хуулж бичихгүй л бол болохгүй дэндүү олон гийгүүлэгч оролцсон нэртэй угтагч маань “Монголд тавтай морил” гэж мэндэллээ. Аз болоход хүн болгон түүнийг ОТО гэдгээр нь сайн таних юм. “Өнөөдөр зочид буудалд юу ч болохгүй, тийм болохоор хөдөө 20 км хэртэй явж, Монголын шинэ жилийг малчин айлын гэрт тэмдэглэе. Тэд миний эртний андууд. Цагаан сараа анх удаа англи хүнтэй тэмдэглэх нь тэдэнд сонирхолтой байх болно” гэж ОТО хэллээ. “Надад ч гэсэн шинэ сонин байх болно. Ингэхэд гэр гэж юу вэ?” хэмээн би лавлав. “Тэр бол гэр орон нь, майхан шиг зүйл л дээ. Тэд үнээ, хонь, ямаагаа хариулан нүүдэллэж, жилийн дөрвөн улирлыг өөр өөр нутагт өнгөрүүлдэг. Ердөө ганц тэмээнд л бүх эд хогшлоо аччихдаг”. Аялал үнэхээр гайхалтай байлаа.
Цасаар хучигдсан талаар давхих адуу, зам дагуух овооны дээр дэрвэх хадаг яндар, жийпний хяналтын самбар дээр заах -16 хэмээс хамаагүй дулаан цаг агаарыг илэрхийлэх өвлийн тод нар, энэ бүхэн надад шинэ сонин зүйл төдийгүй бүр цоо шинэ ертөнц байлаа. Биднийг гэрийн гадаа ирж зогсоход үнээнүүд хашааны гадаа наранд ээн зогсож, хонь ууландаа бэлчиж, ямаа чангаар майлан өвс тэжээл хайх ажээ. Тиймээс ноход л машиныг маань угтаж авчээ, эсвэл тэд чоно байсан юм биш биз? Гэрийн эзэд нэг зандрахад л ноход хормын дотор үүрэндээ орж, ингэснээр англи зочинд Монголын хээр талд хөл тавих улмаар хонины нүд, үхэр, ямааны гэдэс дотроор дайлуулах үедээ эх орноо аль болох намбалаг, хүндэтгэл төрүүлмээр төлөөлөх боломж нээгдсэн юм.
Нэгэнт “А” төлөвлөгөө бүтэлгүйтэж, “Челси”- “Болтон”-ы тоглолт холын мөрөөдөл болсон учир би хурдхан шиг нөөц төлөвлөгөөгөө боловсрууллаа. Аль болох хурдан хугацаанд их архи ууж, нүдээ аниад, хатан хааныхаа төлөө үүргээ биелүүлэх. Тэгээд ч энэ бол шинэ жил, гэрийн эзний зочломтгой занг гэр оронд нь үл ойшооно гэдэг британи хүний хувьд бүдүүлэг, дэндүү ихэмсэг зан гаргасан хэрэг болно. Гэхдээ би сүүлийн хэдэн долоо хоног “National Geographic” сувгийг арай л хэтэрхий их үзсэн бололтой дог, чанасан нүд огт харагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Чанасан хонины мах, бөөн аргал түлж халаасан зууханд жигнэсэн бууз, айраг (их хурц), архи. Ширээн дээр бас чихэр, яг л Блэкпулийн хад шиг, гэхдээ биш байх л даа (гэвч би шалгаж үзээгүй л дээ) тийм хэлбэртэй гаатай хуруун чихэр байсан.
Гялалзсан торгон дээл өмссөн гэрийн эзэгтэй 73 настай гэхэд ануухан харагдах агаад долоон хүүхдийн ээж, бас 10 үнээний (эсвэл эргэн тойронд илүү их байв уу) эзэн ажээ. Тэр надад амар мэндийн дуу дуулж өгч, гэр бүлийн гишүүд ч түүнтэй хамтарлаа. Дараа нь ардын олон дуу дуулсны дотор эрэлхэг, хүчтэй домгийн моринд зориулагдсан дуу ч байсан агаад, би ч аянд нь найгаж тосгоны тэнэг шиг харагдахгүйг байдгаараа хичээн мушийж суулаа. Гэрийн эзэгтэй надад дахин архи хундагалж, уянгалаг гунигтай дуу өөрсдөд нь зориулж дуулж өгөхийг хүсэв. Ёстой яахаа мэдэхээ болилоо. Эртний уянгын дуу дуулах уу? Ёстой үгүй. Энэ чинь хоёрдугаар сарын 25 болохоос бус нэгдүгээр сарын 1-ний оройн 00:01 цаг биш. Тэгээд ч би тийм дуунд ёстой дургүй. Чимээгүй шөнө, Гэгээн шөнө? Болох л юм, гэвч би нэг үг хэлээд л хэл маань ээдрэх байх. Болгоомжгүй шивнээ? Миний дуу бил үү? Караокед дуулдаг ганц дуу маань, гэвч энд тохирохгүй ээ. ОТО азаар намайг аварлаа.
“Монголын тал нутагт нүүдэлчин гэр бүлийн аж амьдралын тухай ардын дуу дуулдаг ийм заншил Англид байдаггүй юм” гэж тайлбарлахдаа тэрбээр аргалын тухай дурсахаа мартаж орхив. Түүний хэлсэн нь үр дүнгээ өгч, гэр дотор нам жим болоход би үүнээс зугатахын тулд гарч зураг авахыг хүслээ. Улбар шар нар цасан хучлагатай оргилын цаагуур орж, сүрэг хонь огт дуудуулаагүй атлаа уулнаас буун хашаа руугаа ирж явна, үнээ пиндээ орчихсон бухал өвс хивж, хүүхдүүд инээлдэн, сэгсгэр хар гөлөгтэй тоглоцгоох аж. Гэрэл зургийн аппарат надад хэрэг болсонгүй. Энэ бол миний үргэлжид нандигнах мөч, дүр зураг, хувь тохиол байлаа. Би гэрт эргэн орж, гэрийн эзэгтэйд яг ингэж хэлсэн. Энэ бол миний тэдэнд зориулсан дуу байсан билээ.
Орчуулсан Н.Энхбаяр