Эртний амьтан, ургамлын үлдэгдэл ихтэй Өмнөговь аймгийн нутагт хууль бусаар ашиг хонжоо хайгчид хэрэн явж, юу тааралдсанаа түүдэг болоод байгаа. Тус аймгийн нутгаас солирын хэлтэрхий ихээр олдож байгаа аж. Тиймээс амар хялбар аргаар хөлжихийг хүсэгчид Өмнөговьд олноор очиж, солир түүж байгаад хууль хяналтын байгууллагынхантай мөргөлдөөн хийх шахсан байна.
Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй, суудлын 22 машинтай 50 гаруй хүн хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэгт очиж, хар өнгөтэй чулуу түүж байсныг хилчид илрүүлсэн аж. Уг чулуу нь солирын хэлтэрхий бөгөөд бас л хятадууд худалдаж авдаг гэх. Хилчид чулуу түүж байсан иргэдийг хилийн бүсээс гарахыг шаардахад эсэргүүцэл үзүүлсэн байна.
Тиймээс тус аймгийн Цагдаагийн хэлтэс, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс Ажлын хэсэг очиж, чулуу түүгчдийг хүчээр тараан, зарим хүнийг нь шалгаж эхэлжээ.
Г.РАВЖАА