Сүхбаатар аймаг дахь Бичигт хилийн шалган нэвтрүүлэх боомтын захиргааны дарга Д.Гансүхийн албаны автомашинаар агнасан хөлдүү чоно болон ангийн эд эрхтэн хилээр гаргахыг завджээ.
Энэ талаар Бичигтийн боомт дахь хилийн цэргийн ангийн албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын 20-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Я.Энхтөр гэдэг хүн 96-96 СҮА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн автомашинаар БНХАУ руу агнаж хөлдөөсөн хоёр чоно, үнэгний арьс, чонын ходоод, толгой зэргийг авч гарах гэж байсныг ахлах ахлагч Д.Ууганбат, байлдагч Н.Чинзориг нар илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлээд байна” гэлээ.
Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газраас авсан мэдээллээр 96-96 СҮА улсын дугаартай автомашин нь Бичигтийн хилийн боомтын захиргааны нэр дээр бүртгэлтэй, хууль бусаар ангийн эд эрхтэн гаргахыг завдсан Я.Энхтөр тус боомтын даргын жолооч юм байна.
Г.РАВЖАА