
УИХ -ын анхдугаар чуулган яг одоо хуралдаж байна. МАН-ы удирдах зөвлөлөөс М.Энхболдыг УИХ-ын даргад дэвшүүлсэн. УИХ-ын даргыг томилох асуудал дээр гишүүд байр сууриа илэрхийлж шинэ даргаа томиллоо.
УИХ-ын гишүүн Л.Болд "МАН намын даргаа УИХ-ын даргаар дэвшүүлж байгаа юм байна. Сөрөг хүчин байхдаа намын дарга УИХ-ын дарга байх боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Энэ талаар М.Энхболд тайлбар өгнө үү" гэхэд,М.Энхболд " Сөрөг хүчин байхдаа тийм юм ярьж байсныг үгүйсгэхгүй ч албан ёсоор бидний мэдэгдэлд энэ талаар тодорхой зүйл дурдагдаж байгаагүй. Энэ дөрвөн жил амаргүй байх нь шиг байна. Харин УИХ-ын дарга нь Засгийн газартайгаа ойлголцож явах нь мөрийн хөтөлбөр, амлалт биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзээд би энэ саналыг хүлээн зөвшөөрч нэр дэвшиж байна" гэв.
Үүний дараа Лүндээжанцан "Бид нэг л том асуудлыг шийдэх гэж олон жил ярьж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдгийг болих хэрэгтэй. Давхар дээл байж болохгүй. Доод дунд шатанд хариуцлагыг маш сайн хангаж ажиллах хэрэгтэй. Учир нь 2017 оноос маш олон шинэ хууль хэрэгжиж эхэлнэ" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "МАН хэт олонхдоо бардаж шийдвэр гаргахгүй байх хэмээн найдаж байна. Эх баригч нам болонгуутаа сөрөг хүчин байхдаа ярьж байсан юмаа мартчихдаг шүү. Өнөөдөр ипотекийн зээлийн хүрээнд 82 мянган албан хаагч бий. Төрийн албыг битгий их үйлмүүлээрэй гэж хэлмээр байна" гэв. ХАрин Ө.Энхтүвшийн: Би М.Энхболдыг дэмжихгүй байгаа. Гэхдээ намынхны олонхын саналыг дэмжиж түүнийг УИХ-ын даргад дэвшүүлэх саналыг хүлээн зөвшөөрлөө. Бид Засгийн газраа бүрдүүлэхдээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Амласан амлалтаа биелүүлэхийн төлөө манай нам шийдвэртэй алхмууд олныг хийх хэрэгтэй. Харин сонгуулийн өмнөх амлалтаасаа няцсан хэнийг ч би өөгшүүлэхгүй. МАН давхар дээлийг тайлна гэж дөрвөн жил хашгирсан. Ганц хоёр гишүүн бол яахав байж болох ч энэ дотроосоо Засгаа бүрдүүлж болохгүй шүү" хэмээн захилаа.
Ингээд УИХ-ын дарга томилох асуудал дээр гишүүдийн саналыг хурааж 86.8 хувь нь буюу 66 гишүүн дэмжиж М.Энхболд УИХ-ын дарга боллоо.