
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригт танхимдаа ажиллах сайд нарын нэрийг тодруулсан билээ. Сайдад нэр дэвшигч эрхмүүдийн хөрөнгө орлого болон ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг хуулийн дагуу АТГ-т хянаж үзсэн байна. Улмаар дөрвөн нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй учир сайдаар томилохгүй байх тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдээлэл байна.
Тухайлбал, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийн эхнэр С.Нэргүй нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн захирлаар ажилладаг юм байна. Мөн өөрөө Эрчим хүчний хөгжлийн ассоциацыг үүсгэн байгуулснаа ч мэдүүлээгүй аж. Хэрэв Ц.Цэнгэл сайдаар томилогдвол эхнэрийнхээ компанид давуу байдал бий болгохыг үгүйсгэхгүй учраас сайдаар томилохыг АТГ-ынхан татгалзсан байна.
Барилга, хот байгуулалтын сайдын суудалд яригдаж буй Г.Өнөрболорыг бас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Үнэхээр ч ийм нөхцөл байдал бий болгож болзошгүй. Яагаад гэхээр, түүний Зайсангийн газарт барилга барьж ашиглалтад оруулсан “Мантууш” компани, “Рояал Кастел” хотхоныг барьсан “Сөүл” группийн захирал, Барилгын үндэсний ассоциацын дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал нь нөлөөлж буй аж. Түүний нөхөр, ээж, дүү нар нь барилгын материалын худалдаа, засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болохоор нэр дэвшсэн Ц.Анандбазарыг сайд болговол ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай гэж АТГ үзжээ. Хэдийгээр нефть импортлогч “Сод Монгол” группийн ерөнхийлөгч албан тушаалтай, уул, уурхай хүнд үйлдвэрийн салбарын сайдад нэр дэвшээгүй атал яагаад ингэж үзэх болов. Түүний төрсөн дүү Ц.Пүрэвринчин нь “Сод Монгол”-ын дэд ерөнхийлөгч бөгөөд гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулан захирлаар ажилладаг нь үүнд нөлөөлжээ.
Эрүүл мэндийн сайд болохоор зүтгэж буй Ж.Цолмонгийн охин О.Маралгоо нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажилладаг нь нэр дэвшигчээс татгалзуулах шалтаг болсон аж.
АТГ-аас энэ дөрвөн хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн албан тоотыг Ерөнхий сайд хүлээн авсан бололтой баасан гаригийн үдээс хойш бусад нэр дэвшигчийнхээ нэрийг УИХ-д өргөн барьж, холбогдох байнгын хороодоор нь хэлэлцүүлж эхэлсэн юм.