
Сүхбаатар аймгийн Засаг даргаар хууль зөрчин нэр дэвшүүлсэн З.Энхтөрийг батламжлан томилсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамж Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэн А.Гантамир Цэцэд хандсанаа өчигдөр мэдэгдлээ. Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоовол огцруулах үндэслэл болохыг тэрбээр онцолсон. Сонгуулийн дүнгээр тус аймгийн ИТХ-ын 33 суудлын 17-г МАН авч, ганцхан суудлаар илүүрхсэн.
Гэвч илүүрхэж байсан ганц суудлын эзэн Сонгуулийн хууль зөрчсөнийг анхан шатны шүүхээс тогтоож, дахин сонгууль зарлахаар аймгийн Сонгуулийн хороо шийдвэрлэсэн. Дахин сонгууль ирэх есдүгээр сарын 25-нд болно. Ийнхүү асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад МАН-ынхан “хэргийн эзэн”-ийг оролцуулан 50+1 хувийн ирц бүрдүүлэн ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаа тодруулсан нь Засгийн газрын тэргүүнийг Үндсэн хуулийн шүүхэд дуудагдахад хүргэсэн юм.
Улмаар үлгэр жишээ аймгийн улс төрийн намын удирдлагууд баяр наадмаараа тамга, тэмдэг булаацалдан, хаалга үүд эвдэлсэн паян олон хүний амны зугаа болж байна. Юутай ч, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь дараагийн даргад ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн ч “Тамга тэмдгээ хүлээлгэж өгсний дараа дахин захиргаааны хэргийн шүүхэд хандана.
Шүүхийн шийдвэр гарсны дараа тамгаа буцааж авах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдээд буй бол шинэ Засаг дарга З.Энхтөр “Миний бие Ерөнхий сайдын захирамжаар томилогдсон. Үүнтэй санал нийлэхгүй байгаа хэн ч шүүхэд хандаж болно. Хүн бүрийн өмнө шүүх засаглал нээлттэй. Тухайд үеийн шүүхийн шийдвэрийг би хүндэтгэх болно” гэж байр сууриа илэрхийлсэн.
“АСУУДАЛ”-ТАЙ АЙМГУУД
Уг нь сонгуулийн санал хураалтаас хойш 20 хоногийн дотор буюу энэ сарын 19-нд багтаан аймгуудын ИТХ анхдугаар хуралдаанаа хийх ёстой. Харамсалтай нь тамга, тэмдгээ булаацалдан, “муур, хулгана” болж тоглодог муу “зуршил” дууссангүй. Говь-Алтай аймагт ч иймэрхүү зүйл болоод амжсан. Тус аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан Сүхбаатарынхтай төстэй болсон сурагтай.
Хэдийгээр Завханаас бусад аймагт МАН ялалт байгуулсан гэж байгаа ч суудлын тоо харьцангуй ойролцоо, зарим тойрогт маргаантай, намууд өөр өөрийнхөөрөө яаж ч тайлбарлаж мэдэх нөхцөл үүсэж буй нь илт. Тухайлбал, Говь-Алтайд өмнөх ИТХ-ын дарга нь тамгаа шууд өгчихөөгүй юм билээ. Анхдугаар хуралдаанаас аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжлаад буй.
Дундговьд ч асуудал үүссэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас анхдугаар хуралдаанаа шуурхай зарлан хуралдуул” гэсэн сануулга аван байж хийсэн хуралдаанд АН-ын төлөөлөгчид нь оролцоогүй. Улмаар тэд дээрх хуралдааныг хууль бус гэж үзэн, байр сууриа илэрхийлж буй бөгөөд тус хуралдаанаас Засаг даргаар О.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн.
“ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болсон” гэх гомдол Өмнөговийн АН-ынханд ч байна. Тус аймгийн Цогтцэций суманд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан дөрвөн нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж, түр үнэмлэх олгохгүй байх шийдвэрийг Сонгуулийн хорооноос нь гаргаад буй бөгөөд уг шийдвэрээ цуцлахыг шаардсан албан бичгийн хариуг Ардын намынхан авч байж хуралдана гэснээс болж хуралдаан нь нэлээд саатсан. Дээрх нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэж анхан шатны шүүхээс тогтоогоод буй.
Өмнөговь аймгийн ИТХ-ын 33 суудлын 19-ийг МАН авсан ч ийнхүү дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, эсэх нь маргаантай буйгаас АН, МАН-ын суудлын тоо тун ойролцоо болж, аль нам засаглах вэ гэдэг нь эргэлзээтэй байсан юм. Гэсэн ч МАН-ынхан хуралдаж, удирдлагуудаа сонгосон бөгөөд Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Засаг даргаар тус аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатарыг батламжлаад буй.
Мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын 33 суудлын төлөө МАН 26 хүн нэр дэвшүүлж, 24 нь ялалт байгуулсан. Уг нь МАН бүх тойрогт нэр дэвшүүлсэн ч тус аймгийн Сонгуулийн хороо 26-г нь бүртгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Дарханы МАН-ынхан удаа дараа эсэргүүцэл илэрхийлж, нэлээд маргаантай байсан ч С.Насанбатыг Засаг даргаар нэр дэвшүүлсэн билээ.
Гэтэл суудлын зөрүү нь харьцангуй хол буюу төлөөлөгчдийн харьцаа 24:17 болсон Ховд аймгийн ИТХ Засаг даргаар хэнийг томилохоо эцэслэж чадалгүй, арав хоногийн завсарлага авсны эцэст, Д.Галсандондогийг нэр дэвшүүлэх шийдвэрийг уржигдар гаргалаа. Энэ нь нам доторх өрсөлдөөн ширүүн байсны илэрхийлэл гэж тайлбарлах хүн олон байна.
ХЭН НЬ ХЭН БЭ
Юутай ч одоогоор Ц.Мөнхнасан Архангай, А.Гылымхан Баян-Өлгий, Г.Батжаргал Баянхонгор, З.Батзориг Булган, Г.Батсуурь Говьсүмбэр, Т.Энхтүвшин Дорноговь, М.Бадамсүрэн Дорнод, Г.Ганболд Өвөрхангай, Ш.Оргил Сэлэнгэ, Ж.Батжаргал Төв, Д.Батсайхан Увс, Л.Ганболд Хөвсгөл, Н.Ганбямба Хэнтий, Д.Батлут Орхон аймгийг удирдахаар болоод байна. Тэдний олонх нь ялсан намын орон нутгийн хороо, байгууллагын дарга аж. Засаг дарга нарын хэн нь хэн бэ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нь орон нутгийнхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн аж ахуйн нэгжийн эзэн аж. Тэрбээр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийг ахалж байсан юм. Булган аймгийг 34 настай залуу удирдах нь. З.Батзориг угсаатан судлаач, түүхийн багш мэргэжилтэй, аймгийн Засаг даргын туслах, төрийн албаны хэрэг хөтлөгч, мэргэжилтэн зэрэг албан тушаал хашиж байжээ.
Багш мэргэжилтэй бас нэг Засаг дарга болох О.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” сургуульд багш, Гурвансайхан сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай аж. Өмнөговь аймгийн Засаг дарга Калифорнийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Төрийн өмчийн хороонд мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн Н.Наранбаатар орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж байж. Үүний зэрэгцээ “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал байв.
Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдож буй бөгөөд ШУТИС, “Их засаг” их сургуулийг дүүргэж, 2008 оноос “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан юм. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өнгөрөгч дөрвөн жилд ИТХ-ын дарга байсан бол В.Рэнцэндоржийг энэ удаагийн ээлжит сонгуулиар нэр дэвшигчээр бүртгээгүй талаар тэр нэлээд зарга хийсэн нэгэн.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ч ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг батламжлаагүй. АН-ыг эрх барьж байх үед ам руугаа алгадуулж, Засаг дарга болж чадаагүй бас нэг хүн бий.
Тэр нь М.Бадамсүрэн. Дорноговь аймгийн эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй Засаг дарга аймгийнхаа болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга зэрэг алба хашиж байжээ. Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг төрд ажиллаж байгаагүй гэх шүүмжлэл дагалдаж буй. Д.Галсандондог Ховд аймгаас УИХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан гэдэг.
Гэсэн ч тэрбээр Засаг дарга болох нь. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба ч УИХ-ын сонгуулиар төрсөн нутагтаа нэр дэвшихээр Удирдах зөвлөлөөс дэмжлэг аваад байсан гэдэг. Хөвсгөлийн Засаг даргыг “Лидер Кашмер” группийн захирал гэдгээр нь олон хүн таних. С.Насанбат өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан бол Орхоны Засаг дарга намын залуусын хамт хүн зодоон цохион хийсэн гэх дуулианд нэр холбогдож явсан үе бий.
Харин Завхан аймгийн ИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийхээр товлоод буй бөгөөд “Төрийн банкны” гэгддэг Ш.Батсайханыг Засаг даргаар томилох сурагтай.