
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. УИХ-аас энэ шатны сонгууль болох өдрийг тогтоосны дараа хийх ёстой ажил бол нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох юм.
Сонгуулийн тухай хуульд “Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж заасны дагуу өнгөрөгч сарын 21-нд багтаан орон нутаг дахь төрийн аудитын байгууллагууд тус бүр зардлын дээд хэмжээг тогтоогоод байна.
Нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ нэг тэрбум 142.5 сая төгрөг буюу хамгийн өндөр нь юм. Харин Ховд аймагт сумын ИТХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 7.5 сая төгрөгөөр тогтоосон нь хамгийн бага бол Хэнтий аймгийнх 164 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.
Говьсүмбэр аймгийн хувьд нэг нэр дэвшигчийн зардлыг 5.8 сая төгрөгөөр тогтоосон бол Орхон аймгийн хоёр суманд 10.9, 8.8 сая төгрөг байх нь. 21 аймгийн Аудитын газрууд уг зардлын дээд хэмжээг хуулийн хугацаанд тогтоосон гэж байгаа ч Баян-Өлгий, Увс аймгийн сумдад зардлын дээд хэмжээ хэд байхыг хэлэх мэргэжилтэн олдсонгүй, “Холбогдох бүх хүн ээлжийн амралттай байгаа” гэсэн хариу сонсов.
Мөн энэ сарын 1 гэхэд аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгууллаа. Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог санал хураалт болох өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид байгуулдаг. Улмаар сум, дүүргийн Сонгуулийн хороог 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ сарын 15 гэхэд байгуулах ёстой.
Харин наймдугаар сарын 20-ноос өмнө нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх юм. Ингэхдээ намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлнэ.