
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.6-д заасан чиг үүргийнхээ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ.
Дэд сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед дээрх хуулийн 3.1.3-т заасан “...ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгохоор байна” гэж үзэв.
Иймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход уг хуулийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй” гэсэн албан хариуг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ.