
Бид сар гаруйхны өмнө ирэх дөрвөн жилийнхээ хувь заяаг шийдчихсэн, улс. Хувь заяаг минь “гажуудуулахад” хувь нэмрээ оруулсан хүмүүстэй холбоотой хэрэг, зөрчлүүдийг шүүхээс хэрхэн шийдвэрлэж байгаа бол.
Зургадугаар сарын 29. УИХ-ын сонгууль болсон энэ өдөр АН, МАН-ын ажиглагчаар ажилласан хоёр найз хонь, чоно болно чинээ яахан санах билээ. Намдаа үнэнч зүтгэсний “ачаар” тэд найзын тангаргаа умартжээ. Сонгууль эхлэхээс л дуусах хүртэл бие биенийхээ үйл хөдлөлийг ажиглан, хардан сэрдэж, “Микро автобусаар хүн зөөж, санал өгүүлж байна” гэж нэгнийхээ араас хөөж, “Мөнгө тарааж байна” гэж мөрөөр нь мөшгөн, муур хулгана болсоор бүхэл өдрийг барсан гэдэг. Энэ мэтээр аягласан нь алахаасаа өвчих нь гэгч болжээ. Мөнгө тарааж, хүн цуглуулж санал өгүүлсэн гэх зэрэг сонгуулийн “но”-г шүүх хэрхэн илчлэх бол.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн.
Тухайлбал, сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, сурталчилгааны самбар буулгасан зэрэг гомдол ихэвчлэн ирсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд нэр дэвшигчийн нэр төрийг гутаах, сурталчилгааны самбар авах зэрэгтэй холбоотой 735 зөрчил хүлээн авсан. Улсын Дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 гомдол, хүсэлт ирснийг хянан шийдвэрлээд байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 гомдол ирсний 90 хувь буюу 140 хэргийг хянан шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл ирснээс 66 хэргийг, Шүүхийн давж заалдах шатны шүүхэд 87 гомдол ирснээс 77-г нь шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 нэхэмжлэл хүлээн авснаас 44 хэргийг шийдвэрлэлээ” гэж долдугаар сарын 25-нд болсон хурлын үеэр ярьсан.
Үүнээс хойш дээрх зөрчил маргааны тоо зарим шүүхэд нэмэгдсэн хэдий ч ихэнхийг нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Улсын дээд шүүхэд орон нутгийн сонгуультай холбоотой 18, УИХ-ын сонгуультай холбоотой хоёр хэрэг иржээ. Орон нутгийн сонгуультай холбоотой хэргийн нэгээс бусдыг нь шийдвэрлэжээ. Тэдгээр 18 хэргийн 15 нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуультай холбоотой байсан бөгөөд дарханчууд шүүхэд гаргасан гомдлоо удалгүй татсан гэнэ.
УИХ-ын сонгуультай холбоотой хоёр маргааны нэг нь ИЗНН-тай хамаатай. Тус намыг бичиг баримт дутагдалтай гэж үзэн СЕХ-оос бүртгэхээс татгалзсан бол Улсын дээд шүүхийн шийдвэрээр батламж олгосноор ИЗНН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх боломж бүрдсэн. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байгаа аж.
2016 оны сонгууль хэл ам, хэрүүл тэмцэлгүй амар тайван болж өнгөрсөн мэт боловч араасаа багагүй асуудал дагуулсаар буй. Нэг жишээ нь, УИХ-д есөн суудал авсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн мэдээллийг нэгтгэх, судалгаа гаргаж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүдийн тойрогтоо мөнгө тараасан асуудлыг шалгуулна. 200 гаруй гомдол, мэдээлэл хүлээж авсан” гэж мэдэгдсэн.
Сонгуультай холбоотой зөрчил, маргаанаас хүмүүсийн анхааралд хамгийн их өртсөн нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тойрогт нярай хүүхэд эндсэн явдал. Тодруулбал, “УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар гишүүний туслах Б.Бат-Эрдэнэ мөнгө тараасны балгаар 26 хоногтой хүүхэд минь амь эрсэдсэн гэж талийгаачийн эцэг эх шүүхэд гомдол гаргасан.
Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч Б.Бат-Эрдэнэ мөнгө тараасан тогтоогдоогүй аж. Харин энэ тухай хохирогчдын өмгөөлөгч Г.Батбаяр “Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бат-Эрдэнэ мөнгө өгөөгүй юм байна гэж шийдвэрлэсэн. Би өмгөөлөгчийн хувиар түүнд захиргааны хариуцлага хүлээлгэхийг шаардсан.
Гэтэл шүүхээс мөнгө өгсөн, эсэх нь тогтоогдохгүй байна гэж ганц Б.Бат-Эрдэнийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн. Тиймээс талийгаач хүүхдийн аав Чулуунбаатар нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр Орхон аймгийн шүүхэд хандаад байна. Сонгуулийн санал өгөх өдөр Чулуунбаатар ямар ч мөнгөгүй байсан бөгөөд гэртээ байхдаа Б.Бат-Эрдэнээс 50.000 төгрөг авсан. Энэ мөнгийг нь хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан гэж ярьдаг.
Мөнгө өгч санал өгүүлэхээр нярай хүүхэдтэй хүмүүсийг хол замд авч явснаар хүүхдийн аминд хүрсэн, эсэхийг тогтоох ямар ч ажиллагаа хийхгүй байгаа. Түргэн сум руу явсан микро автобусанд байсан хүмүүсээс л “Бат-Эрдэнэ мөнгө өгч байхыг харсан уу” гээд асууж байгаа юм, гэтэл Чулуунбаатар тэр мөнгийг гэртээ байхдаа авсан байдаг. Энэ талаар гэрт байсан хүмүүсээс нь асуугаагүй. Болсон явдлыг шүүх үнэнээр тогтоож өгөөсэй” гэж ярив.
Сонгуулийн тухай хуульд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх зэрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.
Үүнээс үзэхэд, Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн С.Жавхланг ч эргүүлэн татах магадлал бий юм. Мөн Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат гишүүний эрхийг түдгэлзүүлж магадгүй байгаа аж. Учир нь Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхээс түүнийг сонгуулийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоожээ.
Түүнийг хувийн компаниараа дамжуулан хандив авсан гэх асуудалд холбон шалгаж байжээ. Гэхдээ энэ асуудал шат шатны шүүхийн шийдвэрийн дараа л нэг тийш болох биз. Сонгууль тойрсон энэ мэт зөрчил, маргааны “сүүл” тасраагүй ч цаг хугацааны л асуудал болжээ.