
Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамныхны боловсруулсан төсвийн тодотголын төслийг хэлэлцэх бололтой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өндөр, нам албан тушаалтан гэлтгүй төрийн албан хаагчдын зардлаас тэвчиж болох бүхнийг хэмнэнэ” гэсэн нь бүгдийнх нь цалинд юу юугүй хүрэх нь гэж сандралдахад хүргэв.
Ингэхдээ тэрбээр “Бага цалинтай төрийн албан хаагчдын зардлыг бууруулахгүй байх бодлого баримтална” гэснийг нь ч төдийлөн анзаарсангүй. Тиймээс өчигдөр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат бяцхан тайлбар хийж, зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулахаар төсөлд тусгасныг дуулгалаа.
Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд хэмнэлтийн “шуурга”- нд өртөхөөр байна. Ингэснээр энэ онд нийт гурав, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулж, төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох гэнэ. Мөн албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардлаас ч тодорхой хувиар хэмнэж, томилолт, зочин, төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.
Багш, эмч нарын цалинг танах нь гэж бачуурч байсан хүмүүст зөвхөн дарга нарын зардлыг хэмнэнэ гэвэл муугүй сонсогдож байгаа биз. Гэвч тоотой хэдхэн хүний цалинг хасах нь “улсын төсөв” гэсэн том тогоон дотроос харвал тийм ч том хэмнэлт биш. Бүтэн жилийн туршид ердөө найм хүрэхгүй тэрбум төгрөг хэмнэхээр буй. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэдэг. Улс орны эдийн засаг үндэсний аюулгүй байдалд аваарын дохио хангинуулж байгаа бол бага гэлтгүй хэмнэж, тэвчиж болох бүхнийг хэмнэж, хэмнэснээ үр ашигтай зарцуулах ёстой. Найман тэрбум төгрөгөөр найман сургууль барьчихна гэдгийг санахад илүүдэхгүй. Ерөнхий сайдыг дэмжиж байна.
Тиймээс ч төрийн өндөр албан тушаалтнуудын зардлаас дахин хэмнэж болохоор харагдаж байна. Тодорхой хэлбэл, дэд сайд нараа буцаагаад татчих, Ерөнхий сайд аа. “Тоон дотор үсэг” гэдэг шиг тэд эдийн засгийн ийм хүнд нөхцөлд огтхон ч нийцэхгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны статустай дэд сайдын орон тоог үгүй болгох, цалин, утас, унааны зардлыг 30 хувиар багасгахын хооронд их зөрүү бий.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар 17 дэд сайддаа “баяртай” гэж хэлснээр жилд 800 гаруй сая төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог тухайн үед хэлж байсан. Энэ тооцоог барьж, хамгийн их шүүмжилж байсан хүмүүс нь өнөөгийн эрх баригчид. Тухайн үед дэд сайдын зардлыг задлахад, цалин нь 1.4 сая төгрөг, жолооч, туслахын цалин, утасны төлбөр, шатахууны зардал гэхчилэн нэг дэд сайдад сард дөрвөн сая орчим төгрөг зарцуулдаг талаар шуугиж байсан. Уг тооцоонд үндэслэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 13 дэд сайдад жилд 600 гаруй сая төгрөг зарцуулахаар буй юм.
Тэгээд ч дэд сайд гэсэн албан тушаал заавал байх ёстой юу. Эдийн засаг эргээд тэнхэрлээ ч ийм суудал бэлдсээр байх уу. Уг албан тушаал Н.Энхбаярын Засгийн газрын үеэс улбаатай гэдэг. Үүнээс хойш бүр зарим яаманд хоёр дэд сайд ажиллаж байв. Харин өнгөрсөн онд шийдлийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хийгээд сөрөг хүчний хүчтэй эсэргүүцлийн улмаас 17 дэд сайдаа албан тушаалаас чөлөөлсөн юм.
Одоо эрх барьж буй МАН гэлтгүй 2000 оноос хойш Засгийн газраа байгуулсан улс төрийн намууд шүүмжлүүлсээр атал дэд сайдын албан тушаалыг авч явсаар ирсэн нь өнөөх албан тушаалын “бялуу” хүртээдэг сонгодог хувилбар гэлтэй. Төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга, түүний доорх газар, хэлтэс, албадын мэргэжилтнүүдээс бүрдсэн яамдад дэд сайдын хийх ажил үнэндээ үгүй санагдана.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа 13 яам, 16 сайдтай байгуулсан нь үе үеийн танхимын хувьд алтан дундаж. 1992 оноос хойш байгуулсан Засгийн газруудаас хамгийн олон буюу 19 сайдтай танхимтай харьцуулбал цомхон бүтэц. Эрх баригчид ч үүнийгээ онцлон ярьж буй. Гэвч дэд сайд нарыг оруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газарт “сайд” сэтэртэй хүн 29 байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдаас ангижирсан учраас сайд нь ердөө 19.
Тэгэхээр дэмий гаднаас нь хэмнэнэ, танана гэж байхаар дотроос нь тэвчиж болох зардал болох дэд сайд тэргүүтнээ танхимаас гаргачихвал яасан юм бэ. Цаг үеийн төдийгүй цаашдын бодлого талаасаа ч энэ нь зөв. Ингэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар, эрх баригчид илүү гоё харагдана. Иргэдийн чинь итгэл та нараас дайжихгүй.