
Прокурорын байгууллагаас энэ оны эхний долоон сард хийсэн ажил болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, улсын ерөнхий прокурорын туслах Э.Амарбат, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар өчигдөр мэдээллээ. Прокурорууд энэ оны эхний долоон сард анхан шатны шүүхээр 2955, давж заалдах шатныхаар 746, хяналтын шатны шүүхэд 183 хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож санал, дүгнэлт гаргасан байна.
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан гэх хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж буй. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан байна. А.Гансүх эх орондоо байгаа аж.
Харин Рио-2016 олимпын наадамд тамирчдаа оролцуулахаар авч явсан Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын хилийн хоригийг нь нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан аж. “МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбад холбогдох 50 мянган ам.долларын авлигын хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа. Харин тус намын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорын хяналтад шилжин ирээгүй байна. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганд холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа” гэж Э.Амарбат ярив.
БНХАУ-д ял эдэлж байсан нэг хүнийг ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд шилжүүлэн авч, ялаа эх орондоо эдлэхийг хүссэн дөрвөн монгол иргэний материалыг бүрдүүлэн, холбогдох байгууллагад нь уламжилжээ. Тэд БНСУ, БНТУ, БНХАУ болон Малайзад ял эдэлж байгаа аж. Харин энэ онд манай улсад хоригдож буй гадаадын иргэдээс гурав нь эх орондоо ял эдлэх хүсэлт гаргасан байна. Тэдний нэг нь Бангладешийнх, хоёр БНХАУ-ын иргэн гэнэ.