
Энэ долоо хоногийн дундуур буюу ирэх 25-нд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах бололтой. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан захирамж гаргаагүй байгаа ч Тамгын газрынхан хуралдааны бэлтгэл базааж буй. Ер нь ээлжит бус чуулганыг үүнээс ч өмнө буюу өнөөдөр эхлүүлэх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч уг чуулганы зорилго болсон төсвийн тодотголын төсөл хараахан бэлэн болоогүй байгаа гэнэ. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцсэн бөгөөд танхимын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусгаад, өргөн барихаар болсон юм.
Макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн гажуудлыг зөв голдиролд оруулах боломж бүрдүүлэх зорилготой төсвийн тодотголын хүрээнд төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өмчийн компаниудын удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулах, өнгөрөгч сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг хэрхэн үргэлжлүүлэн өгөх, эрүүл мэнд, боловсрол гэхчилэн нийгмийн суурь үйлчилгээний зардлыг бууруулах уу зэрэг шийдэл хүлээсэн олон асуултад хариулт өгөхөөс гадна эдийн засгийнхаа ойрын бөгөөд хэтийн ирээдүйг зурах учиртай.
Мөн төсвийн тодотголын төсөлтэй хамт Эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр боловсруулж байгаа. Түүнчлэн өмнөх парламентын үед хуульд заасан хугацаанд батлаагүй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018- 2019 оны төсвийн төсөөлөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслүүдийг ээлжит бус чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой. Эдгээр төслийг Сангийн яамныхан боловсруулаад буй.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал, үргэлжлэх хугацааг УИХ-ын даргын захирамжаар тогтоодог бөгөөд зөвхөн захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг л хэлэлцдэг. Анхдугаар чуулганыг хаах үеэр УИХ-ын удирдлагаас чиглэл болгосон болон цаг үеийн, зайлшгүй хэлэлцэх асуудлуудаас гадна хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр буй юм. Тухайлбал, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг мөрдөх хугацааг хойшлуулах төслийг Засгийн газраас өргөн барьсан.
Уг нь эдгээр хуулийг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заасан ч Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдыг сургах зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай гэдэг үндэслэлээр ирэх оны долдугаар сарын 1 болгон өөрчлөхөөр тусгасан. Түүнчлэн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой зарим салбарын аж ахуйн нэгжид орлогын албан татварыг нэг хувиар ногдуулахаар тусгасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөхөөр санаачилж буй Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төслийг ойрын үед өргөн мэдүүлнэ гэсэн.
АН-ынхан УИХ-ын даргад албан бичиг хүргүүлж, ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардаад буй. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нарын мэдэгдэл, үйлдэл нь зарим хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан.Гэвч цөөнхийн бүлгийнхний уг шаардлага үнэмлэхүй олонхтой парламентад төдийлөн газар авахгүй болов уу.