
АН-ын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг өчигдөр мэдээлэл хийлээ. Эрх баригчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг байнга хүлээн авч, олон нийтэд мэдээлэх, хууль, шүүхийн байгууллагад хандах үүрэгтэй тус комиссоос МАН-ын удирдлагуудын сонгуулийн зардал босгосон гэх 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн дагуу гаргасан гомдлыг хүлээж аваагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа мэдэгдэв.
Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг “Сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд, тус намын нийслэлийн хорооны дарга Ц.Сандуй нарын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дараа тус намын хариуцлагатай албан тушаалтан болох Ц.Сандуй нь тухайн бичлэг МАН-ын удирдлагуудын ярьж байсан яриа мөн болохыг хүлээн зөвшөөрч, яагаад алдагдсан шалтгааныг хайж байна гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байхад прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас АН-ын зүгээс эл асуудлаар дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргах болно. Дахин хянан, шалгуулна” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой зөрчил, гомдлын талаар мэдээлэв. Тухайлбал, Орхон, Дархан-Уул аймагт ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан хэд хэдэн нэр дэвшигчийг шүүхээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх аймагт ИТХ-ын сонгууль дахин явуулах шийдвэр гарсан гэнэ.
Мөн Сүхбаатар аймагт ИТХ-ын хуралдаан болж, Засаг даргаа сонгосон процессыг шүүхээс “хууль зөрчсөн” хэмээн үзсэнийг онцоллоо. АН-ын Онцгой комиссоос мөн өмнөх сонгуулийн үеэр “Сонгуулийн ерөнхий хороо захиргааны акт гаргах замаар сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлсөн” гэлээ. Энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болсноо ч мэдэгдсэн.