
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авлаа. Цөөнх ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд цаг хугацааны хувьд давчуу, ойрын үед шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэг хоног өгсөн юм.
АН-ын гишүүд дээрх төслүүдтэй танилцаж амжаагүй гэсэн үндэслэл хэлж байсны зэрэгцээ хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд баталсан эдгээр хуулийг мөрдөж эхлэх хугацааг хойшлуулах нэрээр бүр хүчингүй болгох нь гэж хардаж буйгаа нуугаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт эдгээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах үндэслэлийг хуралдааны эхэнд тайлбарласан юм. Тэрбээр “Өнгөрсөн парламент энэ хуулийг баталсан шиг батлаад, ёсчилсон шиг ёсчилоод, хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтнууд нь зөв зохион байгуулсан бол өнөөдөр хууль хойшлох дээрээ тулахгүй.
Яах аргагүй хойшлуулах болоод байна. Эдгээр хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр буй. Үүний тулд дагалдах таван хуулийг ёсчилж, батлаад “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлүүлж, хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ёстой. Үүний дараа сургалт явуулах, заавар журам батлах гэх мэт бэлтгэл ажлаа хангах ёстой байсан. Харамсалтай нь ёсчилоогүй учраас Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль хэрэгжүүлэхтэй холбоотой 70 орчим журам, заавар баталж чадаагүй. Хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хууль сахиулах 40 мянган ажилтад сургалт хийгээгүй.
Хуулийг ард иргэдэд ч тайлбарлан таниулаагүй байна. Мөн орон тоо, зохион байгуулалт, байшин сав гээд бэлтгэл ажил их байсан. Зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт энэ хуулиуд батлагдаад хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор 1500 орчим ажилтан, албан тушаалтан нэмж авах, нээлттэй, хаалттай хорих ангиудыг нэмж барих шаардлага үүсэж байгаа. Эдгээр ажлыг хийхэд 93 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Энэ нь ганцхан байгууллагад шаардлагатай хөрөнгө. Гэтэл тэр мөнгө нь байхгүй, барилга нь баригдаагүй, албан хаагчдын цалин нь хаана байна. Иймэрхүү асуудлаас болоод л хуулийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрчихээд байна” хэмээн учирлав.
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
Энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт зардлыг 13.9 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан бөгөөд дарга Ч.Содномцэрэн 6.6 тэрбумыг нь л улсын төсөвт тусгуулсныг хэлсэн. Одоо шаардлагатай буй 7.3 тэрбум төгрөгийн зардлаас 1.5 тэрбумыг УИХ-ын сонгуулийнхаас хэмнэсэн төсвөөс гаргахаар төлөвлөжээ.
Тиймээс энэ төсөвт тусгаж аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан орон нутгийн сонгуулийн зардал болох 5.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор СЕХ-ны төсөвт шилжүүлэн тусгах замаар шийдвэрлүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Сонгогчдыг бүртгэх, санал тоолоход шаардлагатай техник хэрэгсэл хэрэглэх талаар тус төсөлд тусгасан.
Гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн санаачилсан, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өчигдрийн хуралдаанаар байгуулсан. Үүнтэй холбоотойгоор гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг дэмжиж байна. Ингэхдээ түүхийн үнэн бодит байдлыг тогтоох, түүнийгээ олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажиллахад уг ажлын хэсэг анхаарал хандуулах нь зүйтэй” гэж байлаа.
Ажлын хэсгийг гишүүн Ж.Мөнхбат ахалж, Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нар багтав. Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах, музей байгуулан, шаардагдах зардлыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр буй.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Энэ үеэр гишүүн Д.Хаянхярваа эдийн засгийн нөхцөл байдлаа нарийн тооцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бодитойгоор боловсруулах, хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөрүүд байгаа, эсэхийг нягтлахыг сануулсан.