
АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-аас 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа, орон нутгийн сонгуулийн хороод сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа талаар мэдэгдлээ. АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасангийн хэлж буйгаар “2016 оны орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх болон нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа дууслаа. Гэвч сум, дүүргийн Сонгуулийн хорооныхон АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргаж байна. Багахангай дүүрэгт л гэхэд 17 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэв.
Есөн аймагт АН-ын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Харин МАН-аас нэг ч нэр дэвшигчийг бүртгэлээс хасаагүй талаар ярилаа. Тухайлбал, Архангай аймгийн Өлзийт сумын 21, Өгийнуур сумын 1, Жаргалант сумын 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 21, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 27, Дархан-Уул аймгийн Дархан сум 1, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 нэр дэвшигчийг тухайн сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэнэ.
Дээрх асуудалтай холбоотойгоор АН-ын шат шатны байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулах гэнэ.