
Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл хэдэн хоногийн өмнө АТГ-т сэжигтнээр татан дуудагдсан талаараа мэдээлэл хийсэн. Учир нь түүнийг С.Зориг агсны аллагад буруутай, алж байхад нь хажууд нь байсан хэмээн бусармагаар гүтгэсэн хэмээн мэдүүлсэн.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Монголын Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд болон Монголын Ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд энэ үеэрээ “Коммунист угшилтай улс төрийн хүчин болох МАН төр, засгийн эрхийг барих бүртээ уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн бусармаг зорилгодоо ашиглаж байна. Үүний тод жишээ нь сонгууль бүрийн өмнө ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бидний журмын нөхөр Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой мэтээр хэвлэлээр гүтгэн гүжирдэж, мөрдөн мөшгиж ирсэн явдал юм. 2000 онд түүнийг энэ хэрэгт сэжигтнээр татаж хэрэгсэхгүй болгосон. Гэвч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, улмаар МАН төр, засгийн эрхийг авсаны дараа түүнийг уг хэрэгт холбогдуулан дахин сэжигтнээр татлаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрх шийдвэртэй эсэргүүцэж байна” гэв.