
Орон нутгийн хурлын сонгууль ирэх сарын 19-нд болно. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумын ИТХ-ын гишүүн болохын төлөө 15.209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд нийт 1792 хэсгийн хороо байгаа аж.
Тэгэхээр уг сонгуульд оролцох нам, өрсөлдөх нэр дэвшигчид тодорхой болсон гэсэн үг. Хэдий тийм ч энэ бүхэн араасаа багагүй маргаан, гомдол, санал дагуулж байна. Өрсөлдөөн нам хооронд, бас нам дотроо гэсэн хоёр хэлбэртэй өрнөв. Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлыг ч Цэцэд илгээгээд амжжээ.
СОНГОГЧИД “ТУЛЖ АЖИЛЛАХ” ХҮМҮҮСЭЭ ТОДРУУЛНА
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль гэхээр улс төрийн жижиг голдуу намууд, бас сонгогчдын олонх нь үл тоосон байдлаар ханддаг нь нууц биш. УИХ-ын сонгууль болохоор л ичээнээсээ гардаг гуравдагч хүчний намуудын хувьд сум, дүүрэг мэтийн жижиг шатны биш, УИХ, нийслэл, аймгийн ИТХ гэсэн томхон “бялуу” л сонирхолтой санагддаг бололтой юм.
Учир нь орон нутгийн сонгуульд гуравдагч хүчнийхэн оролцсон байдал тун хойрго. Уг сонгууль гуравдагч хүчнийхнээс холуур явж ирсэн байна. 2012 оны сонгуулиар АН, МАН-аас гадна МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл л “чимэг” болж оролцсон түүхтэй. Сонгуулийн өмнөхөн уг эвсэл тарж, хоёр нам тус тусын замаа хөөсөн билээ. Тэдний аль аль нь энэ удаагийн сонгуульд оролцохгүй юм байна. МҮАН-ын хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд бас оролцоогүй. Эх сурвалжийн хэлснээр “Орон нутгийг намгүй болгох ёстой” гэсэн байр суурьтай нь энэ шийдвэр холбоотой гэнэ.
АН-ыг дэмжиж, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг өнждөг байсан ИЗНН-ынхан харин энэ удаа өрсөлдөх нь. Тус намаас зарим суманд хүмүүсээ нэр дэвшүүлсэн тухай дарга Ц.Ганхуяг нь ярьсан байна лээ. Мөн МНН-аас цөөн хүн сойсон гэнэ.
Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуваарь ёсоор санал авах байр байгуулах, ахлах болон бусад зохион байгуулагчийг томилох ажил өчигдөр дууссан. Одоо сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороодод хүргүүлж, улмаар санал авах байрууд руу явуулна. Тиймээс сонгогч та, бид нэрсийн жагсаалтад багтсан уу, хаяг дээр чинь илүү, дутуу хүн бичсэн юм биш биз гэдгээ ирэх сарын 5-наас өмнө хянаж, бүртгэх хэрэгтэй болж байна. Бидний зүгээс хийх хамгийн чухал ажил бол энэ.
Учир нь бидний амьдарч буй дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэдийнхээ амьдрал, ахуйд хамгийн ойр байж, асуудлыг шийдэх үүрэгтэй хүмүүс. Иргэдтэй “тулж ажилладаг” хүмүүс учраас уг сонгуульд бид хариуцлагатай хандаж, идэвхтэй оролцох нь чухал.
НАМ ХООРОНД БОЛОН НАМ ДОТОРХ ӨРСӨЛДӨӨН
Гуравдагч хүчний намуудын “тоогоогүй”, эсвэл орон зай байхгүйгээ мэдрээд оролцдоггүй уг сонгууль “ах” намуудын хувьд бол үнэ цэнэтэй. Өмнөх сонгуулиудаар ч гол өрсөлдөөн энэ хоёр намын хооронд болж ирсэн. Энэ удаа ч түүх давтагдах нь. Тиймээс өрсөлдөгчөө “жийх” тактик хаа хаанаа хэрэгжүүлж буй бололтой. Тухайлбал, есөн аймаг, нэг дүүрэгт АН-ын нийт 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс сонгуулийн хороод нь татгалзсан байна.
Ингэхдээ “Нэр дэвшигчдийн гарын үсэг дутуу” зэрэг шалтаг хэлсэн гэх. Архангайн Өлзийт, нийслэлийн Багахангай дүүрэгт бүх нэр дэвшигчийг нь бүртгээгүй тухай АН-ынхан мэдэгдэж байсан. Тэд “МАН-ын нэг ч нэр дэвшигчийг хасаагүй атлаа манай хүмүүсийг бүрэлдэхүүнээр нь хассан нь улс төрийн зорилготой” гэсэн юм. Мөн уг асуудлаар шүүхэд хандсан юм билээ.
Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын хороонд МоАХ, “Шонхор” фракцынхан санал тоолох үеэр хор найруулж, найман жил ажилласан хүмүүсийг нь шахан, өөрсдийнхнөө нэр дэвшүүлсэн явдал бас гарсан. УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын дүрмийг шат шатанд нь гажуудуулж, бэлэн жагсаалт тулгадаг боллоо” хэмээн ярьсан байна лээ.
Үүнээс гадна нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлыг Цэц маргааш дунд суудлын хуралдаанаараа шүүнэ.
Юутай ч орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 27-нд үнэмлэхээ гардана. Улмаар ирэх сарын 1-нээс сурталчилгаагаа эхлүүлэх юм. Сурталчилгааны хугацаа УИХ-ынхтай ижил буюу 17 хоног байна. Хамгийн гол нь сонгууль шударга болж өнгөрөх учиртай.