
Ирэх сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардаж авлаа. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө гардуулсан нь энэ.
Мөн нэр дэвшигчдийг сум, дүүргийн Сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийслэлийн есөн дүүрэг дэх мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрхэд 41, Багануур, Налайхад 25, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг МАН-ын 35, АН-ын 31 нэр дэвшигчид олгож, үнэмлэхийг нь гардуулав. Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж “Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд төлөөлөгчдөөрөө бүрдүүлдгээрээ онцлог. Дүүргийн 19 тойргийн 35 мандатын төлөө санал авах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг удахгүй батална. ИТХ-ын хурлыг сонгох сонгуулийн ажил хуулийн дагуу өрнөж байна” гэлээ.
Энэ дүүргийн 35 мандатын төлөө АН, МАН-аас тус бүр 35, бие даан өрсөлдөхөөр 11 хүн материал ирүүлсэн ч ийнхүү хуулийн шаардлага хангасан 66 хүнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Үнэмлэх гардуулах үеэр тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Д.Мөнхтөр нэр дэвшигчдийн 12 нь эмэгтэй, хамгийн ахмад нь 58 настай, залуу нь 27-той болохыг онцолж байлаа.
Сонгуулийн сурталчилгааг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бөгөөд энэ удаа 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгоно. Эдгээрийн төлөө 15.212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14.489, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байсан юм.