
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Гарамжав Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2011 онд орсон нэмэлтээр тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулагдахаар хуульчлагдсан тухай танилцуулав. Тэрээр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэхэд манай улсын байгаль цаг уурын онцлог болоод монгол гэр, байшингийн дулаан алдалт, орчны нөлөөлөл зэргийг олон талаас нь судалгаа хийж буй гадаад, дотоодын байгууллага, энэ талаар туршлагатай мэргэжлийн хүмүүстэй уулзалт хийж, орчин үеийн дэвшилтэт технологид түшиглэсэн шийдэл, боломжийн талаар судалж байна гэлээ.
Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж буй хотын утааны асуудлыг шийдвэрлэхэд монгол гэр, амины орон сууцанд зориулсан эрчим хүчнээс дулаан хуримтлуулж халаах эко төхөөрөмжийн тухай танилцуулав. Тэрээр уг төхөөрөмжийг монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан ашиглах талаар хийсэн судалгаа туршилтын ажлын үр дүнд тулгуурлан Монгол, Германы компаниуд уг төхөөрөмжийн зураг төслийг боловсруулсан гэв.
Байнгын хорооны дарга Ц.Гарамжав дэд бүтцийн холболт хийх боломжгүй алслагдсан дүүрэг, сум сууринд уг төхөөрөмжийг сэргээгдэх эрчим хүч ашиглан нарны зайн эх үүсвэрээр ажилладаг болгох боломж технологийн шийдлийг судлахад анхаарч ажиллах хэрэгтэй байгаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцжээ.