
2016 оны орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хийгдэж буй. Тэгвэл нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөр, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулах боломжийг "Смарт ТВ” олгож байгаа юм байна.
Тодруулбал, "Смарт ТВ” энэ сарын 10-ны өдрөөс эхлэн орой бүр 20.00 цагаас гарах "Шууд мэтгэлцээн” нэвтрүүлэгт нэр дэвшигчдийг оролцож, халз мэтгэлээн хийхийг урьж байгаа аж.
Энэ талаар холбогдох албаныхан "2008, 2012 оны сонгуулийн явцаас харахад сонгогчид нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсч байгаа нь ажиглагдаж байсан учир энэ удаагийн сонгуульд бүх нам эвслээс нэр дэвшигчдийн тухайн дүүрэгт тавьж буй мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ямар аргаар хэрхэн шийдвэрлэж буй талаар тухайн тойрогт нэр дэвшигчидтэйгээ мэтгэлцэх боломжийг олгож байгаа юм" гэсэн байна.