
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, ТЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаалжуулж байна. Энэ талаар СЕХ-ны Мэдээлэл, технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбатаас тодруулав.
-Сонгуулийн техникийн бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?
-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэлийг хуваарийн дагуу базааж байна. Наймдугаар сарын сүүлчээс санал тоолох төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуульд ашигласан төхөөрөмжүүдийн бохирдсон толгойг цэвэрлэж, эвдрэл, гэмтлийг зассан. Дараа нь төхөөрөмжүүдийг ажиллуулах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, ажиллах эрхийн гэрчилгээ олгосон. Мөн саналын хуудасны загварыг бэлэн болгон, хэвлэж эхлээд байна.
Энэ удаа 1765 төрлийн саналын хуудас хэвлэнэ. Орон нутгийн санал авах байруудад ашиглах саналын хуудсуудыг “Мөнхийн үсэг” компанид хэвлэж дууссан. Нийслэлд ашиглах хуудсыг “Улаанбаатар принтинг” компанид хэвлэж байгаа. Одоогоор санал тоолох төхөөрөмжүүдийг программчилж, баталгаажуулан, гэрчилгээ олгож байна.
Үүнийг Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон манай төв хамтран хийж байгаа. Ингэхдээ ажлын хэсэг аймаг, дүүрэг бүрээс санамсаргүй сонголтоор тус бүр хоёр хэсгийг сонгож, саналын хуудаснуудыг хэвлүүлэн авч, боломжит хувилбараар бөглөн, 1000-аас дээш удаа уншуулах замаар баталгаажуулж буй. Мөн төхөөрөмжүүдэд тухайн тойргийн саналын хуудсуудыг уншуулж, шалган туршиж, орон нутгийнхыг дуусгасан. Одоогийн байдлаар 12 аймгийн санал тоолох төхөөрөмжийг хүргүүлээд байна.
Маргааш (өнөөдөр) гэхэд бүх аймгийн төхөөрөмжийг хүргэчихнэ. Ингээд нийслэлийн төхөөрөмжүүдийг хүргэж, 15-наас өгөгдөл дамжуулах туршилт хийнэ. Уг туршилтаар төхөөрөмжүүд тээвэрлэлтийн явцад эвдрэл, гэмтэлгүйгээр очсон, эсэхийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлчийн дамжлага гэсэн үг. Үүгээр ямар нэг алдаа гарахгүй бол автоматжуулсан систем санал авахад бэлэн гэж ойлгож болно.
-Өнгөрсөн сонгуулиар технологийн дэвшил ашиглан дэлгэц дээр сонгуулийн үр дүнг шууд харуулж байсан. Орон нутгийн сонгуулийн үр дүнг ингэж харуулах боломжтой юу?
-Энэ удаа сонгуулийн үр дүнг шууд харуулахгүй. Орон нутгийн сонгуулийг УИХ болон аймаг, нийслэлийнхээс олон буюу 1765 тойрогт зохион байгуулж буй учраас дүнг дэлгэцээр харуулах нь түвэгтэй. Харин дүн гарсны дараа цахим хуудсаар шуурхай мэдээлэх зорилготой байгаа.
-Өмнөх сонгуулиар хурууны хээ уншихгүй байна гэсэн гомдол гарч байсан. Үүнд хэрхэн анхаарсан бэ?
-Уг ажлыг бүртгэлийн газар хариуцдаг. Хурууны хээ унших алгоритмыг арай өөрчилж, танигдах чадварыг нэмсэн гэж бидэнд мэдээлсэн. Тэгэхээр сайжирсан байх. Хэрэв танигдахгүй бол регистрийн дугаараар таних боломжтой. Санал авах байруудад тухайн сонгогчийн зураг дэлгэц дээр харагдаж байдаг учраас ажиглагч нар давхар хянах бүрэн боломжтой.
-Хэчнээн хэсгийн хороонд саналын хуудсыг гараар давхар тоолох вэ?
-Хуулиараа нийт хэсгийн хорооны 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийнэ.
-УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулиар саналын хуудас хүрэлцэхгүй байна гэсэн гомдол гарч байсан.
-Хангалттай хэмжээгээр хэвлүүлж байгаа. Өмнөх сонгуулиар ирц тооцсоноос өндөр байснаас гадна илүү тэмдэглэгээтэй саналын хуудсыг буцаасан нь дутахад нөлөөлсөн.
-Орон нутгийн сонгуульд зориулан санал тоолох төхөөрөмж нэмж худалдан авсан уу?
-Ер нь төхөөрөмжтэй холбоотой нэмэлт зардал гаргаагүй. Анх худалдаж авсан нийт 2500 төхөөрөмжөө л ашиглана.