
АН-ын шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим зүйл тодрууллаа.
-АН-ыг шинэчлэх тухай ярианы хүч сүүлийн үед сулраад байна уу, үгүй юү?
-АН шинэчлэгдэх ёстой гэдэгтэй хүн бүр санал нийлж байгаа. Ялангуяа АН-ын 100 мянган гишүүн амьсгаа даран хүлээж байгаа. Хуучин схемээрээ явъя, хуучин дүрмээрээ тоглоё гэж хүсэж байгаа нь ч цөөнгүй. АН доторх фракц бүлэглэлүүдийн толгойлогч нар голдуу хуучнаараа явахыг хүсэж байгаа.
Би ҮЗХ-ны гишүүн. Хоёр удаа энэ намаас УИХ-д нэр дэвшиж, хамгийн олон саналаар ялалт байгуулсан хүн. Бүлгийнхээ хамгийн залуу гишүүн. Тийм учраас АН-ын шинэчлэлийн төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Орон нутгийн сонгуулийн дараа намын шинэчлэлийн асуудлыг онцгой анхаарна.
-Танай нам дотор шинэчлэлийн ажил ямархуу байдалтай байна вэ?
-АН-ын гишүүд хоёр хуваагдсан. Фракцын толгойлогч нар хуучин дүрмээрээ тоглохыг хүсэж байна. Манай намын удирдлагууд хуучин арга барилаараа яваад байж болно гэж бодож байх шиг байна. Харамсалтай нь сонгогчдын сэтгэл зүй, соёл өөрчлөгдсөн. Хуучин арга барилаар АН-ыг удирдах ямар ч боломжгүй болсон. Сонгогчдыг нэг хуурч болно, хоёр дахиа хууртахгүй.
Үүнийг манай намын фракцын толгойлогч нар ойлгох хэрэгтэй. Сонгогчид АН-ын хулхи бодлого, хуурамч ардчилалд итгэхгүй болсон. Дүр эсгэсэн ардчилал хэнд ч хэрэггүй. АН-д бодит шинэчлэл, ардчилал хэрэгтэй. Үүнийг залуус хийж чадна. Намын олонх шинэ дүрэм, шинэ бодлого гаргахыг зорьж байгаа. Олонх нь ялна гэдэгт итгэлтэй байна.