
Засгийн газрын тэргүүн солигдож, дарга, сайд нар шинээр томилогдохдоо тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд хэдийнэ бий болжээ. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны болон үйлчилгээний шат шатны байгууллагад хариуцлагагүй байдал газар авч, мэргэшсэн төрийн албан хаагчдыг ажлаас халах замаар төрийн албаны залгамж, мэргэшсэн чанарыг алдагдуулсан. Мөн намын харьяаллаар иргэдээ ялгаварлан гадуурхдаг байдал газар авсан билээ.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд, Мэргэжлийн Засгийн газар бүр “төрлийнх” болоод буй төрийн албыг засаж, залруулна хэмээн амласан ч хөрсөн дээр буусан зүйл нэг ч алга. Бүр эсрэгээр нь эргүүлж, хэрээс хэтэрсэн томилгоо хийж, сонгуулийн ажлын шагнал болгон төрийн албанд хүмүүсийг томилсоор л...
“Ширэн” нүүртэй МАН
2012 онд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж байх үед төрийн албыг мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэлээ хэмээн хамгийн их шүүмжилсэн хүмүүс бол МАН-ынхан өөрсдөө. Тиймдээ ч МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар “Төрийн ажлын мэдлэг туршлагагүй, зөв хандлагагүй хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд томилж, бодлогын алдаа хийсэн нь өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон сөрөг үр дагавруудын үндсэн шалтгаан болжээ. Тэр битгий хэл өөрсдийн төрөл садан, ах дүүгээр төрийн албыг залгуулах бүдүүлэг хандлагыг тогтоогоод байна.
МАН ингэж засна:
- Төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалт, тохоон томилох, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн эрх ижил тэгш хангагдах зарчим баримтална.
- Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно.
- Мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь ах дүү, хамаатан саднаа “түр орлон гүйцэтгэгч” гэсэн тушаалаар томилж засаглалын хямралын суурийг тавив. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнасан. Засгийн газрын хямралыг даван туулахын тулд төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасах санал гаргасан. Засаглалын болон Үндсэн хуулийн хямрал бодитой нүүрлэсэн учраас үүнийг залруулна.
- Төрийн албыг төрлийн шалгуураар биш мерит зарчмаар бүрдүүлнэ” хэмээн амлав.
Гэтэл бас л амлалтандаа хүрсэнгүй. Наймдугаар сарын 22-нд гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоож, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. Өнөөдөр 50 гаруй мэргэжлээр 42 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй МСҮТ-ийн тэтгэлгийг зогсоож, хувьчлах тухай ярьж байгаа нь Мэргэжлийн Засгийн газар мэргэжилтэй боловсон хүчнээс татгалзаж буйн нэгэн илрэл.
Сонгуулийн ажлын шагнал Төрийн алба биш
Үүгээр ч зогсохгүй Мэргэжлийн Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. Мөн есдүгээр сарын 20-ноос эхлэн төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.
Саяхнаас л төрийн албан хаагчдыг халж эхэлснээс биш халах тухай яриа бүр сонгуулийн өмнө ч гарч байсан. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян 2016 оны зургадугаар сарын 21-ний өдөр олон нийтэд ил болгосон.
Үнэмлэхүй ялалт байгуулсны хэрэг юу билээ. МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан садан нь өнгөрсөн 100 хоногт өндөр алба хашиж эхэлсэн сурагтай.

Үүнийг "2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан" хэмээн АН-н бүлгээс гаргасан дүгнэлттэй хамт АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулж байсан.
Халагдсан хүмүүс шүүхэд хандаад эхэлжээ
Төрийн албаны халаа сэлгээнээс болж хохирсон иргэд аль хэдийнэ шүүх, захиргаа, Төрийн албаны зөвлөлд хандаад эхэлсэн бололтой. Тэдгээрээс хоёр хүний /нэрээ нууцлахыг хүссэн/ сэтгэгдлийг хүргэе.
Иргэн Ц: Би Төрийн албанд 2012 онд орсон. Энэ онд орсон бүх төрийн албан хаагчдыг АН-ын “хүн” гэж үзсэн бололтой. Халах үндэслэлгүй шалтгаанаар халж, эсвэл өөрөө ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, АТГ-аар шалтаглаж хавчиж байсан. Төрийн алба хаагч тушаал дэвших эсвэл өөр хэлтэс рүү шилжихэд АТГ-д тайлан өгдөг юм. Төрийн албан хаагч давхар ажил эрхэлж болохгүй гэж хуулиндаа заасан байдаг. Би 2012 онд найзуудтайгаа нийлж нэг ААН байгуулсан ч өдийг хүртэл ганц ч үйл ажиллагаа явуулж байгаагүй юм. Үүнийгээ ч анх ажилд орохдоо Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан. Гэтэл одоо түүгээр минь шалтаглаж шууд ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталсан. Тэгэхэд нь АТГ-аас лавлаж тодруулахад “Ажлаас хал гэж хэлээгүй. Зөвхөн зөрчлөө арилгаад ажиллаж болно гэх тушаал гарсан” гэсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулаад намайг хавчиж, шахаж эхэлсэн. Надтай яг ижил төстэй шалтгаанаар ажлаас халагдсан гурван хүн бий. Үүний дараа ч олноороо халагдсан байсан. Би Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгсөн байгаа. Түүнийг хэрхэн шийдэгдэхийг хүлээж сууна.
Иргэн Ч: Хөдөлмөрийн хуулийн 111.1-т зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Мөн 111.5-т Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно гэж заасан байдаг. Өмнөх дарга маань ч намайг ажилд авах нь хуульд харшлахгүй гэж хэлсэн. Би аль нэг даргын арын хүн, хамаатан садан ч биш. Өөрийнхөө чадвараар төрийн албаны шалгалт өгч орсон хүн. Гэтэл сая томилогдсон даргаас яагаад халагдаж байгаагаа асуутал “Яалт ч үгүй зүйл боллоо” гэсэн. Дарга нар дургүй хүнээ яаж хавчиж гаргадгийг би биеэрээ мэдэрлээ. Миний тушаал есдүгээр сарын 30-нд гарахад би гаргасан шийдвэрээ эргэж харна уу хэмээн өргөдөл өгсөн. Тэгээд аравдугаар сарын 13 хүртэл хүлээгээд очиж уулзахад “Би хуулиа мэднэ. Өөр арга байхгүй” гэсэн. Би цалингийн зээлтэй дээрээс нь гэнэт халагдсаны тэтгэмжээ авч чадахгүй бол миний нөхцөл байдал үнэхээр хүндрэх гээд байсан учраас арга буюу энэ сарын 13-ны өдөр тушаалаа авсан. Одоо заргалдаад үлдлээ гэхэд миний нөхцөл байдал хүндрэхээс цаашгүй. Бүр тэтгэмж ч үгүй хоцорчихож магадгүй гэж айгаад байна.
Энэ бүгдээс үзэхэд Мэргэжлийн Засгийн газар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд нийгэмд дорвитой ажил хийж чадсангүй. Харин ч ажилгүйдлийг нэмж, ажилтай орлоготой нийгмийг бусниуллаа. Мөн Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар нь “Монгол Улсын Эдийн засгийн хямрал”-ыг зарлах зуур ОУВС-ийн “Стэндбай” хөтөлбөрт орох тохиргоогоо бүрэн хийж дууслаа гэх хардах нэгэн ч байна. Монголчууд ирэх дөрвөн жилийнхээ “өнгийг” шийдэж, маш их зүйлийг хүлээж МАН-ыг УИХ-ийн олонхи болгосон. Гэвч энэ бүхний гарааг эхлэх ёстой эхний 100 хоногтоо юу ч хийж чадсангүй. Харин ч сонгуулийн өмнө цацагдсан МАН-ын төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдсан нууц бичлэгийг бодит болохыг баталж өгөв үү.