
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд хоёр нууц гэрээ байгуулагдсан байна. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна. Энэ гэрээнд нэг сонин заалт байгаа нь урьдчилгаа төлбөртэй холбоотой юм. Ердөө урьдчилгаа төлбөрт 15 тэрбум 258 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн эхний сард хийнэ гэжээ.
Хоёрдугаарт, “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байна. Мөн л 2017-2021 оны хооронд төмөрлөг нийлүүлнэ гэжээ. 40 хувийн урьдчилгаа төлбөр нь 87 тэрбум 119 төгрөг байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсон цагаас хойш ажлын таван өдөрт багтааж өгөх ёстой гэж заажээ. Таван өдрийн дотор шилжүүлнэ гэсэн юм чинь шилжүүлсэн байх.
Дарханы төмөрлөгийн гэрээнд Ц.Даваацэрэн, Б.Шинэбаатар, санхүүгийн орлогч Ж.Эрдэнэбилэг гарын гарын үсэг зурсан бол Төмөрлөгийн үйлдвэрийн талаас н.Батжавхлан, н.Энхчулуун нар гарын үсэг зуржээ.
Гэрээ хийснээс хойш бараг 40 гаруй хоног болж байна. Энэ хоёр үйлдвэр лүү Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан байна. Гэрээ хууль бусаар хийгдсэн үгүйг хуулийн байгууллагаар шалгуулна. Гэрээн дээр нь бүх захирлууд нь тамга тэмдэгтэйгээ гарын үсэг зурсан байна. Худлаа гэх тэмдэггүй биз дээ.
Хамгийн гол нь огт нийлүүлэгдээгүй барааны төлөө бүтэн таван жилийн худалдан авалтын гэрээ гэдэг халхавчаар 100 гаруй тэрбум төгрөг “ууж” байна” гэсэн юм.