
Улсын Их Хурлын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн гол үйл ажиллагааны тойм мэдээг хүргэж байна.
Гадаад харилцааны салбарын зорилтуудыг тодорхойлов
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх Гадаад харилцааны яамны арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулав. Мөн Монгол Улсын гадаад бодлого, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын баримтлах байр суурийн талаарх мэдээллийг шинэчлэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад айлчлав
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны зэрэгцээ хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Эдгээр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой.
Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хятадын талаас туслалцаа дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ. Айлчлалын үеэр хятадын талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 3 сургууль барих, Баянхонгор-Байдрагийн гүүрний 129 км автозам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам”-ын төслүүд болон Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өрийг чөлөөлөх зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тустай хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Канад Улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган 2016 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Уг айлчлалын үеэр талууд “Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Уг санамж бичиг байгуулагдснаар Канадын Засгийн газраас 2016 оноос Монголд хэрэгжүүлж эхлээд буй 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн эрх зүйн үндэс тавигдаж буйгаараа чухал ач холбогдолтой болов.
Монгол Улсын төрийн тэргүүн Куба Улсад айлчлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Куба Улсад хагас зуун жилийн дараа хийгдэж байгаагаараа онцлог юм.
Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
“LEAD Mongolia” төсөл хэрэгжиж эхэллээ
АНУ-ын тусламжаар 2,5 сая ам.долларын санхүүжилттэй “LEAD Mongolia” төслийг хэрэгжүүлж эхлэв. Уг төсөл хоёр жилийн туршид хэрэгжих бөгөөд 25-40 насны нийт 90 залуус хамрагдаж, эдгээрийн 30 нь АНУ-д 2017 онд солилцооны хөтөлбөрт хамрагдана. Төсөл байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, ил тод байдал ба авилгатай тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжинэ.
Польш Улс 50 сая еврогийн зээл олгоно
Польш Улстай Засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.