
Энэ сарын 19-нд болсон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц хүрээгүй тул өнгөрсөн ням гаригт 293 хэсэгт нэмэлт санал хураалт явуулсан. Энэ удаагийн сонгуулийг сум, дүүргийн 339 хороо зохион байгуулж, аймаг, нийслэлийн Сонгуулийн хороод мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллажээ.
Хоёр удаагийн санал хураалтын дүнг нэгтгэвэл, сонгогчдын ирц орон нутагт 63.2, нийслэлд 56.3, улсын хэмжээнд 60.1 хувь байв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцсон бөгөөд сонгуулийн урьдчилсан дүнг хүснэгтээр үзүүлэв.
Хоёр удаагийн санал хураалтаар орон нутгийн сонгууль дуусаагүй. Ирэх бямба гариг буюу энэ сарын 29-нд дахин санал хураалт явуулна. Энэ удаа авсан санал нь тэнцсэн нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн өрнөх бөгөөд 117 хүний санал тэнцээд байгаа аж.
Дахин санал хураалтын хувьд саналын хуудас хэвлэж, санал тоолох машиныг шинээр программчилдаг, өмнө нь саналаа өгсөн сонгогч дахин санал хураалтад оролцдогоороо нэмэлт санал хураалтаас ялгаатай. Мөн ирцийн босго байхгүй, аль олон санал авсан нь ялах хуулийн зохицуулалттай. Дахин санал хураалтын дүн намуудын хүчний харьцаанд нөлөөлөхөөргүй байгаа юм.
Нэмэлт болон дахин санал хураалтын зардлын тухай сонирхоход Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар “Аймаг, дүүргүүд зардлынхаа хэмжээг ирүүлж дуусаагүй байна. Одоогоор тодорхой тоо гараагүй ч орон нутгийн сонгууль зохион байгуулахад зориулан УИХ-аас баталсан төсөвт багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэлт болон дахин санал хураалтад зориулж төсөвлөснөөс илүү зардал гаргаагүй” гэлээ.
