
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Засгийн газрын 73, 74, 317 дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн дагуу барих сургууль, цэцэрлэгийн жагсаалт батлагдсан. Яамны зүгээс улсын хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг хаана, аль хороонд барих, хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай байгаа талаар нарийн судлагаа хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэхийн тулд нийслэл хотод гэхэд 30, хөдөө орон нутагт хоёр сургуулийг нэн түрүүнд барих асуудлыг ярьж шийдэж байгаа. Үүнээс гадна улсын хэмжээнд цэцэрлэггүй 20 хороо байгаагаас эхний ээлжинд 40 гаруй цэцэрлэгийг барихаар жагсаалтад оруулаад байна. 2017 он гэхэд жагсаалтад багтсан сургууль цэцэрлэгийн 20-30 хувийг ашиглалтад оруулах, 2018-2019 он гэхэд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөн ажиллаж байна гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг ирэх онд эрүүл мэндийн салбарт ард иргэдэд хүртээмжтэй өгөөжтэй, шинэчлэл өөрчлөлтийн ажил хэр байгааг, УИХ-ын гишүүн Г.Мөнцэцэг орон нутагт, тэр дундаа Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн машин байхгүй, эмнэлгийн барилга нь хуучирч муудан, нурах шахсан байгааг дурдаад энэ талаар арга хэмжээ авч байгаа эсэхийг сонирхов. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хариулахдаа салбарын хэмжээнд судлагаа хийхэд улсын хэмжээнд 151 сум түргэн тусламжийн машингүй байгаа. Иймд бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад эхний ээлжинд 6-7 машин авахаар ярьсан. Түүнчлэн Засгийн газарт асуудлаа тавьж 151 фургон машин нэмж авахаар 4.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдүүлж байгаа. Мөн диалезийн аппаратын зардлыг төр дааж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх, III амаржих газрын орны тоог нэмэх, Яармагийн 300 ортой эмнэлэгийг ашиглалтад оруулах, зэрэг эмнэлгийн ачааллыг бууруулж, эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг нэмэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Үүний дараа гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн 10 хууль, нэг тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав.Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Учрал, С.Чинзориг, Д.Сарангэрэл, М.Саранчимэг, А.Ундраа, Ё.Баатарбилэг нарын гишүүд ахмад настанд “Насны хишиг” олгох хэмжээг 3.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал оруулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай буурлуудад жилдээ хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон билээ. Харин байнгын хорооны гишүүд энэхүү насны доод хязгаарыг 65 нас болгохоор дэмжлээ.