
УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа өнөөдөр шинэ ажлаа хүлээж авах гэж байна. Баянгол дүүргийн АН-ынхан ИТХ-ын сонгуульд оролцохдоо ялалт байгуулбал С.Одонтуяаг Засаг даргаар томилно гэж зарласнаа ажил хэрэг болгож буй нь энэ.
Мөн Налайх дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ИТХ-ын даргаар Б.Нэргүйг сонгон, Засаг даргаар Ч.Раднаабазарыг дэмжиж, нийслэлийн Засаг даргад нэрийг нь уламжилжээ. Ч.Раднаабазар нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч биш бөгөөд Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргаар ажиллаж байсан аж.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэн зарласан урьдчилсан дүнгээр нийслэлийн есөн дүүргийн гуравт нь АН олонх болоод буй. Харамсалтай нь тэдний зам дардан байсангүй. 41 суудалтай Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас 22 төлөөлөгч сонгогдож илүүрхсэн ч Сонгуулийн хорооны шийдвэрээр зургаан нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж, МАН-ын 19 төлөөлөгчид л түр үнэмлэхийг нь гардуулсан.
Тус дүүргийн ИТХ өчигдөр 15.00 цагт анхдугаар хуралдаанаа товлосон ч МАН-ын төлөөлөгчид “Сонгуулийн тухай хууль зөрчсөн АН-ын зургаан нэр дэвшигчийг хурлын танхимаас гарга” гэсэн бичиг бүхий эсэргүүцлийн цаас барьж хурлыг гацаалаа. Тус дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг улируулан томилох сурагтай.
Дашрамд дурдахад, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд амжилттай оролцсон, Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх, УИХ-ын даргын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болно гэх яриа гарсныг энд тэмдэглэе. Гэсэн ч энэ нь цуурхал байсан бололтой. Учир нь Сонгинохайрхан дүүргийг одоогийн Засаг дарга Ж.Сандагсүрэн үргэлжлүүлэн удирдах сурагтай.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд томилогдсоныхоо дараахан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Харин Сүхбаатар дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов тодорхойгүй байна. АН 19, МАН 16 суудал авсан тус дүүрэгт бас л маргаан буй. АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан нэг нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгосон ч олонхын байр өөрчлөгдөхгүй болов уу.
Тэгээд ч дээрх мандат хүчинтэй, эсэхийг хэлэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах билээ. Олонх болсон намын байгууллага хуралдаж, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх эрхмийг тодруулах учиртай ч Сүхбаатар дүүргийн АН-ынхан хуралдаагүй л байна.
Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, сонгуульд амжилттай оролцсоныг нь үнэлэн нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулгыг нэр дэвшүүлж болох ч эл эрхэм энэ удаа амбийцаа дарах болов уу гэж харах нэг хэсэг байна. Түүнчлэн өмнөх дөрвөн жил Засаг даргаар ажилласан Д.Бадарсанг улираан томилж магадгүй гэж зарим эх сурвалж өгүүлэв.
Чингэлтэй дүүргийн хувьд ч анхдугаар хуралдааны тов тодорхойгүй байна. Гэсэн ч Засаг даргад нэг бус хүний нэр яригдаж буй аж. Одоогийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг улираах хүсэлтэй хэсэг байхад залуус, шинэ үеийн төлөөлөл оруулж ирэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч бий гэнэ.
Залуусын төлөөллөөр эхний ээлжинд нэрлэж, дүүргийг удирдуулахаар нэр дэвшүүлэх хүмүүсийн нэг нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат. Хэн хэнийх нь ард Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд бий гэх яриа ч гарчихаж. Тус дүүргийн Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн Д.Ганболдын үед карьер нь тасралтгүй өсөж ирсэн эрхэм бол Ж.Эрдэнэбат. Харин Б.Мөнхбатыг гишүүн “Т.Аюурсайханы хүн” гэх юм билээ.
Багахангай, Багануур дүүрэгт МАН-ынхан дангаараа ялалт байгуулсан. Багануур дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 4-нд, Багахангайнх 7-нд болох тов гарчээ. Хэдийгээр анхдугаар хуралдаан болоогүй ч дээрх хоёр дүүргийн удирдлагууд албан бусаар хэдийнэ тодорсон бололтой.
Тодруулбал, Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очир, ИТХ-ын даргаар С.Даваасүрэнг томилохоор МАН-ынхан санал нэгдэж буй гэнэ. Ц.Сандаг-Очир нь 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө намын хорооны даргын албан тушаалтай. С.Даваасүрэн нь өмнөх ИТХ-ыг удирдаж байсан юм. Багахангай дүүрэгт ч хуучин Засаг дарга С.Эрдэнэбаярт итгэл хүлээлгэх сурагтай.
Ийнхүү зарим дүүрэг нь удирдлагаа сонгож, томилчихоод байхад өмнөхтэйгөө хэрүүл зарга хийн, зууралдаж яваа хэсэг ч байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдэд шинээр сонгогдсон төлөөлөгчид нь өчигдөр шаардлага хүргүүлэхийг хүссэн ч бүтэлгүйтсэн юм.
Хуулийн дагуу өмнөх ИТХ нь дараагийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг товлон хуралдуулах ёстой байдаг. Гэвч “цэнхэр” дүүрэг гэгддэг Хан-Уулынхан энэ удаагийн сонгуулиар МАН-ынханд илүүтэй итгэл хүлээлгэснийх үү, хууччуул нь хурлаа зарлахгүй байгаа аж.
Анхдугаар хуралдааныхаа товыг ч сонсоогүй байгаа шинэковууд даргын төлөөх марафоноо ихэд нууцалж, түрхэн зуур хойш тавьж буй нь илт.