
УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн бариад буй.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах зэрэг анхаарал татсан асуудал тусгасан уг хуулиудын төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч С.Чинзоригоос зарим асуултад хариулт авлаа.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд анхаарал татахуйц хэд хэдэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилжээ. Эдгээр өөрчлөлтийн талаар тодруулаач?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барьсан. Энэ өөрчлөлтөд дөрвөн багц асуудал тусгаж байгаа. Нэгдүгээрт, ээжүүд даатгалд хамрагдсан хэлбэрээсээ үл хамаарч хүүхэд асарсны тэтгэмжээ 100 хувь авдаг болно.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хүүхэд асарсны тэтгэмжийг заавал даатгалд хамрагддаг ээжүүдэд цалин хөлснөөс нь 100, сайн дураар даатгал төлдөг ээжүүдэд 75 хувиар бодож өгдөг. Энэ ялгааг арилгана.
Хоёрдугаарт, хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасардаггүй байх эрх зүйн орчин бүрдүүлье. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ээжүүдийн хүүхэд харах хугацааны шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас гаргая. Нийгмийн даатгал төлдөггүй ээжийн шимтгэлийн 50 хувийг төр даадаг байя.
Гуравдугаарт, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн хөдөлмөрийг үнэлэх зайлшгүй шаардлага байна. Одоогийн мөрдөж буй хуулиар дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээж 50 настайдаа тэтгэвэрт гардаг. Ингэхдээ ажилласан жил нь цөөн учраас тэтгэвэр нь бага тогтоогддог.
Олон хүүхэд төрүүлсэн, тэтгэвэртээ суу гэсэн хэрнээ бага тэтгэвэр тогтоогоод өгчихөөр нийгмийн баталгаа нь алдагддаг. Тиймээс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн жилийг төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлдэг болъё.
Дөрөвдүгээрт, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулъя. Малчид онцгой хүнд нөхцөлд цаг, наргүй ажилладаг. Ажлын цагийнх нь ихэнх хугацаа гадаа, хатуу ширүүн уур амьсгалд өнгөрдөг. Үүнээс шалтгаалаад малчдын дундаж наслалт төв суурингийнхнаас харьцангуй богино. Иймээс малчдын тэтгэврийн насыг наашлуулах бодлого баримталж байна.
Ийм дөрвөн асуудал тусгасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг сая (өчигдөр) Байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
-Мөн Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн төсөл өргөн барьсан байсан?
-Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин бий. Үүний дөнгөж 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 90 хувь нь нийгмийн баталгаагүй нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж яваа гэсэн үг. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж буй 240 орчим мянган иргэний 15 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тоо бий.
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 85 хувьд өндөр настан болсон хойноо нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөл байдал үүсээд буй. Иймээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа нөхөн төлөх боломжийг нээж өгье гэсэн юм.
-Энэ хоёр хууль батлагдлаа гэхэд хэзээнээс хэрэгжих вэ?
-Хууль санаачлагч гишүүд дээрх хоёр хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 он гэж оруулсан. Засгийн газар зарчмын хувьд дэмжиж буй ч хэрэгжих хугацааг нь 2018 он болгоё, тэр хүртэл эдийн засаг жаахан сэргэх байх гэсэн. Тиймээс Засгийн газрын саналыг үндэслэж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тооцож байгаа.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулж буй халамжийн шинжтэй өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө хэрэгтэй. Энэ хууль улс орны эдийн засгийн байдалтай уялдаж байгаа юу?
-Малчдын аравхан хувь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг учраас тэтгэврийн насыг нь таван жилээр наашлууллаа ч дийлэнх олонх нь хуулийн өөрчлөлтийг хүртэж чадахааргүй байгаа юм. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлүүлэх хуулийн төсөл өргөн барьсан.
35-аас дээш насны малчид бүгд үүнд хамрагдана гэж үзвэл 280 орчим тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрнө. Малчдын тэтгэврийн насыг наашлуулснаас болж нэмэгдэх зардлыг энэ мөнгөнөөс гаргана. Тэгэхээр төсөвт нэг их ачаалал болохгүй гэж тооцож байгаа.
Дашрамд сонирхуулахад, нийгмийн даатгал төлсөн хугацааг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцоход 15.5 мянган ээж хамрагдах бөгөөд 5.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалд даатгуулдаг ээжүүдийн шимтгэлийг даатгалын сангаас үргэлжлүүлэн төлөхөд 10 мянган ээж хамрагдах бөгөөд 13.6 тэрбум, нийгмийн даатгал төлдөггүй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даахад 123 мянган ээж хамрагдах бөгөөд 21.3 тэрбум төгрөг жилд зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо байна. Малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулахад жилд 96.2 тэрбум төгрөг хэрэгтэй болох аж.