
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ИБУИНВУ-ын Нийтийн танхимын гишүүн, Хөдөлмөрийн намын гадаад бодлогын хорооны гишүүн Жон Гроганыг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр М.Энхболд дарга Монгол орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, үүнийг богино хугацаанд даван туулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал гэдгийг онцолжээ.
Улмаар тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах ажилд ноён Жон Гроганыг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ноён Жон Гроган тохиож буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх, бие биеэсээ суралцах зүйл их байгааг тэмдэглэжээ.
Тэрбээр “Би Их Британи-Монголын Худалдааны танхимын тэргүүний хувьд эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргах болно. Монголд хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор ирэх оны дөрөвдүгээр сард “Блүүмбэрг Лондон” телевизээр тусгай нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Ер нь Монгол руу хандах хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Төр, засаг нь тогтвортой, эрдэс түүхий эдийн үнэ өсөх хандлагатай нь чухал хөшүүрэг болж байна” гэж онцлов.