
Долдугаар сарын 18-нд “Маргааш үргэлжлүүлнэ” хэмээн түр завсарласнаас хойш таван удаа зар тараагаад цуглаагүй ҮЗХ сая нэг хуралдав. Хурлыг 15.00 цагт товлосон бөгөөд 15.15 цагт арав гаруй хүн л ирсэн байсан бол 15.40 цагт 60-70 хүн танхимд суудлаа эзэлсэн байлаа.
(ҮЗХ 259 гишүүнтэй) Энэ үед АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Уг хуралдаан нь 39 дүгээр ээлжит бус хуралдааны үргэлжлэл учраас ирц бүрдүүлэх гэж хүлээхгүй. Ирсэн ирцээрээ хуралдана” хэмээж байв. Таван удаа хойшилсон ҮЗХ-ны хурлыг дахин хойшлуулах цаггүй болсон тул ийм гарц бодож олсон бололтой.
ҮЗХ-ны хурлаар ямар асуудал хэлэлцэх нь сонирхол татаж байлаа. Н.Алтанхуяг сайдыг огцруулахад эсрэг санал өгсөн болон эс үйлдлээрээ дэмжсэн гишүүдэд хариуцлага тооцох, намаа сонгуульд ялагдуулсан удирдлагад арга хэмжээ авах асуудал 39 дүгээр ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдсан.
Энэ удаагийнх тэр хурлын үргэлжлэл юм бол дээрх асуудлыг хэлэлцэх учиртай гэж үзэх гишүүд байв. Ингэвэл ҮЗХ-ны хурал халуухан болох нь тодорхой, өмнөх шигээ шийдсэн асуудалгүй тарж ч мэдэх тул ҮЗХ-ны хурлын өмнөхөн Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Их хурал зохион байгуулах болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг томилохоос өөр асуудал хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ.
Гишүүд уван цуван ирсээр ирц овоо бүрдэж, ҮЗХ-ны хурал 16.00 цаг өнгөрөөн эхлэв. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн бөгөөд хэлэлцэх асуудлын дараалал батлахад намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Их хурал зохион байгуулах болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг томилох гэсэн хоёр асуудал хэлэлцэж, бусад асуудлыг хойшлуулах санал гаргасан бол гишүүдээс намын даргын асуудал болон Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад эсрэг ажилласан 15 гишүүнийг намаас хөөх зэрэг өмнөх хурлаар дутуу орхисон асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх санал гаргажээ. Санал хураахад эхнийх нь дэмжигдэж, дараагийнх нь унав.
Энэ удаагийн ҮЗХ-ны хуралд хууччуулаас Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Н.Батбаяр, Лу.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Батхүү, Д.Зоригт, Л.Болд, А.Бакей, Ш.Түвдэндорж, Л.Эрхэмбаяр, Р.Амаржаргал, Б.Болор, Д.Батцогт, П.Цагаан, Я.Санжмятав, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, Д.Ганбат нар ирсэн харагдсан.
Харин Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирсэнгүй. З.Энхболд “Эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-д явж байгаа учраас очиж амжихгүй. Их хурлаас өмнө очно” гэсэн бол бусад нь хурлын зар авсан ч ирэхийг хүсээгүй бололтой.
ҮЗХ-ны хурал зарим хүний таамаглаж байсан шиг гал гарсан ширүүн болсонгүй. 18.30 цаг гэхэд хоёр ажлын хэсгээ байгуулж, ажлын хэсэгт орох хүмүүсийн саналыг сонсоод 19.30 цагт өндөрлөлөө. Их хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болов.
Хуралд оролцсон зарим гишүүнээс намын шинэчлэлийн талаарх байр суурийг нь сонирхсоноо хүргэе.
Л.ЭРХЭМБАЯР:
-Даргатай болох нь АН-ын тулгамдсан асуудал болоод буй. Намын даргаа хэрхэн тодруулах вэ?
-Энэ асуудал хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Намын шинэчлэлийн талаар ярьж буй ихэнх хүн намын даргаа нийт гишүүнээсээ, сунгаагаар тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Би ч үүнийг дэмжиж байгаа.
-Үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орох бол гэдэг нь мөн л сонирхол татаж байна?
-Үндсэн дүрэм өөрчлөх тав, зургаан төсөл ирсэн. Тэднийг бүгдийг Их хурлаар хэлэлцүүлэх боломжгүй. Тийм учраас дээрх төслүүдийг нэгтгэх асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцэж, санаа бодлоо солилцсон. Ихэнх асуудал дээр дүрмийн төсөл боловсруулсан хүмүүс санал нэгтэй байгаа.
Жишээ нь, ҮЗХ-ны гишүүнийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүнээс, намын даргыг Их хурлаас сонгодог болъё гэсэн санал олон хүнээс гарлаа. Мөн ротацийн тухай асуудал олонтаа хөндөгдөж байна. Нам хаалттай байна, жил бүр ротациа явуул гэсэн саналыг залуус тавьсан. Энэ саналуудыг бүгд хүлээж авч байгаа. Эхлээд уулзахад тус тусдаа юм шиг хэрнээ ерөнхий чиг хандлага нь нэг байна.

Р.АМАРЖАРГАЛ:
-ҮЗХ-нд салхи оруулах хэрэгтэй гэх хүн олон байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манайх чинь их сонин нам шүү дээ. Гишүүдийнх нь хамгийн залуу нь 40 настай, хөгшин нь 50-тай. ҮЗХ-г шинэчлэх шаардлага бол байна. Шинэчлэх механизм нь хүний хүсэл зоригоос хамаардаггүй бодитой байвал зүгээр.
Тухайлбал, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр автоматаар шинэчлэгддэг байвал тохиромжтой. Манай дүрэмд ийм заалт байхгүй учраас бүх насаар нь дархалчихсан юм шиг хүмүүс ҮЗХ-д байгаа нь үнэн.
-Намын шинэчлэлд ямар санал оруулж байгаа вэ?
-АН-д хамгийн тулгамдсан асуудал нь намын дотоод ардчилал болоод байна шүү дээ. Тиймээс энэ удаа санал хэлж, дүрэмд өөрчлөлт оруулах гэж буй хүмүүс, фракц, хөдөлгөөнүүд намын дотоод ардчиллыг бэхжүүлэх ямар арга зам байна вэ гэдгийг л хараасай.
“Миний хэлж буй үг, гаргаж буй санал намын дотоод ардчиллыг бэхжүүлж байна уу, эсвэл ямар нэг байдлаар саад болж, хэсэг бүлэг хүний дархлагдсан байдлыг хамгаалж байна уу” гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Намын даргыг тодруулахдаа ч намын дотоод ардчиллыг бэхжүүлэх нь үү, үгүй юү гэдгийг шалгуур болгох ёстой.
Намын өмнө тулгараад буй асуудлыг шийдэх, зорилгыг биелүүлэхийн тулд ямар зан чанартай, ямар хүн байх ёстой вэ гэсэн шалгуур, тодруулах механизмыг нь гаргах хэрэгтэй. Миний бодлоор сунгаа зохион байгуулж, намын нийт гишүүнээр намын даргыг сонгуулах нь зүйтэй. Ингэвэл намын удирдлагыг бат бэх, тогтвортой байлгахад дөхөм болох болов уу гэж бодож байна.
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хоёр ажлын хэсэг л байгуулчихвал энэ ҮЗХ түүхэн үүргээ гүйцэтгэнэ дээ.
П.ЦАГААН:
-АН-ын шинэчлэлд та томоохон төсөлтэй оролцож байгаа. Түүнийхээ гол санааг зангидаад хэлээч?
-Гишүүдээрээ шийдүүлье. Ямар ч ухаантай дарга гишүүдээсээ ухаантай байдаггүй. АН асуудлаа гишүүдээрээ шийдүүлдэг, нээлттэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай нам болох хэрэгтэй.
-Таны төсөлд ҮЗХ-г татан буулгах тухай заалт харагдсан?
-Би 10 гаруй аймгаар явлаа. Жирийн гишүүд ҮЗХ-г хуралддаггүй, ажил хийдэггүй, сэлбэгддэггүй, чадваргүй гээд үзэн ядаж байна билээ. Тиймээс энэ бүтцийг татан буулгах нь зөв гэсэн саналтай байгаа.
А.БАКЕЙ:
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Намын гишүүд дэмжигчдийн зүгээс ч, олон нийтийн зүгээс ч хүлээлт их байна. Тиймээс хэлэлцэхээр тохирсон асуудлуудаа хэлэлцэж дуусгах нь зүйтэй. Намын үндсэн дүрэм болон үзэл баримтлал шинэчлэх ажлын хэсэг байгуулах л асуудал байна шүү дээ.