
Энэ онд 16 нас хүрч буй 49892 хүүхдийн төлөөлөл болох 800 сурагч өнөөдөр Төрийн ордонд андгай өргөлөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож, залуучууддаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэлээ.
Ж.Эрдэнэбат: Ахмад үеэ хүндэлж, түүхээ сайтар судлаарай

Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “16 нас хүрч буй охид, хөвгүүд та бүхэн өнөөдөр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх, хамгийн ихийг бүтээх эрч хүчтэй насандаа ирлээ.
Эх орныхоо баялаг түүхээс суралцаж ахмад үеэ хүндэтгэн улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж ирээдүйдээ итгэлтэй, өөрөө өөрийнхөө удирдагч байж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч ажиллаж улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын хүн амын олонх болсон хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын анхаарлын төвд байж, энэ бодлогоо хэрэгжүүлэхээр Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудад хандсан олон ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Залуучууд та бүхэн ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө зорилгоо тодорхойлж, улс орныхоо ирээдүй гэдгээ ухамсарлан хамтдаа зүтгэж эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган манлайлна гэдэгт итгэлтэй байна.
Аль ч цаг үед нөр их хөдөлмөр, хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэхэд хэцүү. Тиймээс зорилготой, тэмүүлэлтэй, мэдлэгийг эрж хайдаг, их уншдаг байгаарай.
Бүрэн Эрхт Монгол Улсын бахархалт иргэн болж байгаа залуучуудад баяр хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье” гэлээ.