
Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн ч АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. Тус бүлгийг төлөөлөн гишүүн Ж.Батзандан “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай гурав хоногийн өмнө танилцах ёстой байсан ч манай бүлэгт танилцуулга ирээгүй.
Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.1 дэх заалтыг зөрчлөө гэж үзэж байна” гээд шалгалтын дүнтэй танилцах хугацаа олгож, хамтарсан хуралдаанаас завсарлага өгөхийг хүссэн юм. Тус бүлгээс уг асуудлаар өнгөрөгч даваа гаригт байр сууриа илэрхийлж, хойшлуулах хүсэлт тавиад байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас цөөн зүйл тодрууллаа.
-Шалгалтын дүнг хойшлуулсан шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Би шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч. УИХ-аас дуудсан цагт танилцуул гэсэн.
-АН-ынхны зүгээс Хөгжлийн банкнаас зээл авсан том аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хөндөхгүй, жижиг асуудлаар хөөцөлдлөө гэх шүүмжлэл хэлж байна.
-Ажлын хэсгээс 200 хуудас дүгнэлт боловсруулсан. 1.3 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 700 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний асуудал байгааг тогтоосон. Үүнийг жижиг асуудал гэж буйг би ойлгохгүй байна. Үүнээс илүү том асуудал байдаг юм уу.
-Зээл авсан компаниудын нэрийг ил зарлаж болохгүй юу. Тэдгээрийн 60 гаруй хувь нь МАН-ын гишүүдийн компани гэж ярих юм.
-Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан зээл авсан нийт аж ахуйн нэгжийн тоо бараг 2000. Үүний 60 хувь гэвэл 1200 орчим нь МАН-ын гишүүдийнх байх нь. 1200 аж ахуйн нэгжийн компанийн нэрийг яаж мэдсэнийг нь ойлгохгүй байна. Ажлын хэсгийн зүгээс үүнд улс төрийн өнцгөөс хандаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.