
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэ төдийгүй бага дүү Н.Наранцэцэгт хилийн хориг тавьж, хорих 461 дүгээр ангид хорьж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өөрт нь АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэн бөгөөд тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж, мэдүүлгээ өгөхөөр орлоо. Тэрээр орохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Цөөн хэдэн хүмүүс Монголын хамаг баялгийг сорчлоод, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордуудыг атгаад байна гэж хэлснээс хойш ийм үйл явдлууд ар араасаа цуварч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэдний бүлэглэл их амь тавьж байх шиг байна. Үүний нэг илрэл нь цөөн хэдэн хоногийн дотор 2-3 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Намайг ч бас ир гэж дуудсан. Дуудсаных нь дагуу би ирлээ. Ер нь ерөнхийлөгч болон тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор "хонгил" байдаг гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан. Харин намайг ерөнхий сайд байх үеэс л тэр хонгил руугаа л шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа. Худал зохиомол хэргүүд үүсгэж, ойр дотны хүмүүсийг маань барьж хориод тэд нартайгаа холбогдуулж зохиомол хэрэг рүүгээ татан оруулах гэсэн санаа байх. Энд айж ичээд байх зүйлгүй. Үнэн хэзээд ялна гэж бодож байна. Намайг эртхэн шиг дуудаж авчраад байцаачихгүй, заавал ойр дотны хүмүүсийг минь шорон гяндангаар тарчлааж байгаа явдлыг болих хэрэгтэй. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно. Ц.Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй" гэсэн юм.
Дашрамд сануулахад, энэ сарын 09-ний өдөр 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.