
- АТГ-аас түүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авлаа –
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр 16.00 цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Золжаргалын өрөөнд очиж мэдүүлэг өглөө. Тэрбээр зарлан дуудах хуудсаа олон нийтийн сүлжээн дэх хуудастаа байршуулсан нь тэр даруй түгсэн юм. Уг зарлан дуудах хуудаст Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцон шалгах болсон талаар мэдэгдсэн байв. Тэрбээр 16.00 цаг нэг их өнгөрөөлгүй АТГ-т очсон бөгөөд энэ үедээ хэвлэлийнхэнд “Өнөөдөр 14.00 цагийн үед надад зарлан дуудах бичиг ирсэн. Үүний дагуу ирлээ. “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж хэлсэнтэй минь холбогдуулж нэлээд үйл явдал өрнөж байна.
Мөн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо нийгэмд болохгүй байгаа зүйлийг, цөөхөн хүн Монголын баялгийг сорчлоод буйг хэлсэн. “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби”-ийн цаана цөөн хэдэн хүн хөрөнгө завшаад байна гэсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж буй юм шиг байна. Цөөхөн хоногт гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага доторх хонгил руу намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна.
Намайг Ерөнхий сайд байх үеэс л зохиомол хэрэг үүсгэсэн. Миний ойр дотны хүмүүсийг барьж, түүндээ холбогдуулж байна. Надад айж, ичих юм байхгүй. Үнэн хэзээд ялна. Намайг эртхэн асуучихгүй заавал ойр хавийн, Гансүх, Мөнгөнтуяа зэрэг олон хүнийг шоронд тарчилгах хэрэг байсан юм уу. Төрсөн дүү, хамаатнуудыг минь хүртэл шоронд тарчлаадгаа болих хэрэгтэй.
Намайг тэр шорондоо хийчихээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болсон гэж бодож байна. Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос эхлэн ардчиллын төлөө явсан. Түүний үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би тэмцээгүй. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй. Улс эх орныхоо төлөө л зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэнэ” гэж хэлээд мэдүүлэг өгөхөөр орсон юм.
Түүнийг өмгөөлөгчийнхөө хамтаар сэжигтнээр тайлбар өгөхөөр орсны дараа цагдан хорих гэж байгаа тухай яриа гарсан. Ах дүү, садан төрөл, ойр тойрных нь хүмүүс цагдан хорьж болзошгүй хэмээн АТГ-ын гадна, доторгүй хүлээж байв.
Гэхдээ прокурор, шүүх байгууллагын эх сурвалж “АТГ-аас түүнийг цагдан хорьж шалгах тухай хүсэлт гаргаагүй учраас энэ мэдээлэл ташаа. АТГ-ын мөрдөн байцаагч хуульд заасан үндэслэл байвал цагдан хорих саналаа прокурорт тавьж, шүүхээр шийдвэрлүүлдэг шүү дээ. Тийм хүсэлт ирээгүй” гэв. Тэрбээр дөрвөн цаг гаруйн хугацаанд мэдүүлэг өгөөд явжээ.
Прокурорын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Алтанхуягийг сэжигтнээр шалгах хэд хэдэн үндэслэл байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 2701.2-т заасан “Хууль бусаар хөрөнгөжсөн” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод буй юм байна. Мөн Авлигын эсрэг хуулийн заалт зөрчсөн хэмээн буруутгаж байгаа гэнэ.
Тодруулбал, хуучнаар “ХИД-1” буюу олны нэрлэж заншсанаар Чингэлтэй дүүргийн нутаг, “Найман шарга” валют арилжааны захын дэргэд барьсан долоон давхар шилэн барилгыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байж. Уг хуулийн 10.4- т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ өгсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасныг зөрчсөн аж. Уг объект эхнэр Сэлэнгийнх нь нэр дээр бүртгэлтэй гэнэ.
Эдгээр үндэслэлээс гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, төрөл садандаа тендер олгуулсан гэж сэжиглэж буй бололтой. Түүний төрөл садангийнхан болох Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг БСШУЯ, зарим дүүргийн Тамгын газраас зарласан 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер хууль бусаар явагдсан гэж шалгаж буй билээ.