
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээр байгуулах санаачилга гаргаснаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад аравдугаар сарын 28-нд хүргүүлжээ. Гэвч Засгийн газрын тэргүүн хариу өгөөгүй байгаа аж.
УИХ ирэх оны улсын төсвийг баталсан, үүгээр бол цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа. Гэвч МҮЭХ-ныхон Төсвийн болон Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал ийм боломж бий гэж үзэж буй аж. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, 2017 оноос мөрдөх, төсөвт байгууллагын төсвийн хэмнэлт, давуулан биелүүлсэн, ажил үйлчилгээнээс олсон орлогоор ажилтнуудых нь цалинг нэмэх боломжтой гэжээ.
Мөн МҮЭХ-ноос МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт амласан ёсоор татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй байхыг хүссэн байна. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй, стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг хувьчлахгүй байх зэрэг саналыг санаачилгад тусгажээ.