
09.00 цагт товлосон Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 11.10 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Түшээд нь хуралдаа суухгүй байгаагаас болж төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа тасалдаж буйг энэ өдөр ирц бүрдэхгүйгээс болж хойшилсон хуралдаанууд дахин нотлов. Хууль зүйн байнгын хорооны хуралдаантай ижил цагт товлосон Эдийн засгийн байнгын хороо ч мөн ийм шалтгаанаар хуралдсангүй.
Уг нь тус Байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, 2017 онд хувьчлагдах объектуудын бэлтгэл ажлын явцын талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, бусад хуулийн төслийг хэлэлцэх байв.
Улмаар 14.00 цагаас дээрх хоёр Байнгын хороо хамтран хуралдаж Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцэх байсан ч хоёр цаг хүлээсний эцэст аанай л дашин шог болсон. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй цаг гаруй хүлээсэн ч арайхийн бүрдэж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд тарсан. Дээр дурдсан асуудлуудыг өнгөрсөн долоо хоногт л хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ирцгүйн улмаас хойшлуулсан юм.
Ирцээ бүрдүүлж чадахгүй хүмүүс энэ улсыг авч явна гэж юу ч байх вэ, ер нь. Хууль тогтоох байгууллагын гишүүдийнх нь ирц бүрдэхгүй, байнгын ажиллагаатай парламентын үйл хэрэг тасалдаж байгаа нь эрх баригч, “65-ын” бүлгийнхний бөгс удаантай шууд холбоотой. Парламентад үнэмлэхүй олонх бүрдүүлж буй Ардын намынхан Байнгын хороодод ч жин дарж байгаа. Байнгын хороо тус бүр 19 гишүүнтэй. Тэдгээрийн 15-16 нь Ардын намынх. УИХ-ын Тамгын газраас энэ сарын 12-ны байдлаар гаргасан ирцийн мэдээнээс харахад гадаад, дотоодод томилолт, эмнэлгийн чөлөөтэй таван гишүүнээс бусдад нь хуралдаа суухгүй байх шалтгаан алга.
Илүү нарийвчилж харвал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй Л.Элдэв-Очир гишүүнээс бусад нь хүрэлцэн ирэх боломжтой байж. Харин Хууль зүйн байнгын хорооноос албан ёсоор чөлөө хүссэн хүн нь Д.Ганболд л байсан. Нөгөө талаас өчигдрийн хувьд ирц бүрдэхгүй байсан нь урьд өдөр нь МАН-ынхан бага хурлаа хуралдуулсантай холбоотой юм болов уу гэж өөр хоорондоо ярилцаж сууснаа нуух юун. 300 гаруй гишүүнтэй МАН-ын бага хурал ирцээ бүрдүүлэн хуралдаж болсон байхад 20 хүрэхгүй хүнтэй Байнгын хороо хуралдах гэж хоёр, гурван цаг хүлээгээд хэлэлцэх асуудлаа хойшлуулж буйгаас илүү эмгэнэл гэж байх уу, таминь ээ.
Эсвэл ирц бүрдүүлэхгүй байгаа нь хэлэлцэж буй асуудалтай холбоотой юм уу. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, төрийн албан тушаалтан оффшор данс эзэмших, эсэхээс авахуулаад ипотекийн зээл, төрийн өмчит компаниудын өр, Хөгжлийн банк тойрсон асуудлуудыг удаа дараа хойшлуулахад хүргэж буй нь ингэж хардахад хүргэж байна. АН, МАН-ынхны дунд хамгийн их талцал үүсгэдэг эдгээр асуудлыг хойшлуулалгүй хэлэлцэж, зөрүүтэй мэдээлэл, байр суурийг аль нэг талд нь гаргах сонирхол хэн хэнд нь баймаар сан. Шалтгаан нь юу байлаа ч УИХ-ын гишүүдийн ирц бүрдүүлж чадах, эсэх нь жинхэнэ асуудал болжээ. “Бүдүүн” бүлгийн дарга Д.Хаянхярваа та, гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ажлаа хийдэг болгоход анхаарах цаг болсон юм биш үү. Эрх баригч намын болон энэ парламентын дарга М.Энхболд танаас ч уг асуудлыг шийдвэрлэхийг хүсье.