Гүрж улсын Тбилиси хотноо долдугаар сарын 17-19-нд болсон Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний V чуулга уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Нээлттэй засгийн түншлэлийн Удирдах зөвлөлийн дарга Г.Занданшатар оролцлоо. Уг чуулга уулзалтыг нээж, Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн гүйцэтгэх захирал Санжай Прадхан үг хэлэв.
Тэрбээр “100 улс иргэдийн оролцоог хумьж байхад манай түншлэлийн 100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс иргэдийн дуу хоолой, оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж, төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биеэсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж, урам хайрлах нь чухал юм. Жишээ нь, Монголын нэгэн суурин газарт иргэний оролцоот төсвийн тусламжтайгаар төсвийн зардлаа 10 хувиар бууруулж чаджээ” хэмээн тодотголоо.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын гүйцэтгэх захирал Эдди Ричтэй уулзаж, олборлох салбарын ил тод байдал, ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, “Замын зураг 2020” төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан юм. Түүнчлэн Монгол Улсын ОҮИТБС-ын Ажлын албаны үйл ажиллагааг цаашид санхүүжүүлэх хүсэлт тавьсны дагуу Эдди Рич энэ талаар судлан хариу өгнө гэв.
Мөн Гүрж улсын Ерөнхий сайд асан Ника Гилаури, Эстони улсын Төрийн захиргааны сайд Жанек Магги нартай уулзаж, тэдний цахим засаглалын тэргүүн туршлагуудтай танилцан, төрийн үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод, шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Аравдугаар cард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зөвлөлдөх ардчиллын олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж, тэргүүн туршлагаа хуваалцахыг хүссэнийг Ника Гилаури баяртайгаар хүлээн авч, хуралд оролцохоо амлав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ үеэр “Ази, Номхон далайн бүс нутагт төрийн үйлчилгээг шинэчлэх нь-Чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэлэг санаачилгууд” хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, төрийн албан хаагчийн хариуцлага, төрийн цахим шинэтгэлийн чиглэлээр гаргасан амжилт, авч хэрэгжүүлж буй алхмууд болон төр, иргэний нийгмийн идэвхтэй түншлэл, хамтын оролцооны талаар ярилцлаа.
Нээлттэй засгийн түншлэлийн дэд захирал Паул Массентай хоёр талт уулзалтад оролцож, Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орны хувьд үүнийг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III” төслийг танилцуулсан юм. Паул Массен Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаанд бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлан оролцдогийг сайшаав. Мөн арваннэгдүгээр сард БНСУ-д зохион байгуулагдах Азийн бүсийн манлайлагч нарын уулзалт, ирэх оны хавар Канад улсад VI дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа.
Энэ удаагийн чуулга уулзалтад 70 гаруй гишүүн орныг төлөөлөн Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцож, нээлттэй засгийн түншлэлийн чиглэлээр иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцсон юм.
Нээлттэй засгийн түншлэл нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг дээшлүүлэх, авлигаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилт техник, технологи нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилготой сайн дурын, олон талт байгууллага юм. Бразил, Индонез, Мексик, Норвег, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс санаачлан 2011 онд үүсгэн байгуулсан тус байгууллагад одоогоор 75 орон гишүүнээр элсээд буй.
Н.Энхболд: Үерийн учруулсан хохирлын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг, чиглэл өгсөн. Уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах зорилгоор УИХ-ын гишүүн, Улсын онцгой комиссын орлогч дарга Н.Энхболд Төв аймгийн Борнуур суманд ажилласан байна.
Тэрбээр “Улсын онцгой комиссын дэд даргын хувьд хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, албажуулж, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад хүргүүлэх, үерийн хохирлыг арилгахад анхаарч ажиллаж байна. Төв аймгийн Борнуур сум болон ойр хавийн бусад газарт хоёр удаа их хэмжээний үер буусан. Ялангуяа сумын төв нь үерт автаж, тийшээ очдог гүүр, зам эвдэрсэн.
Олон айл өрх, албан байгууллага үерийн усанд нэрвэгдсэн байсныг газар дээр нь очиж үзэж, үер, усны хохирлыг арилгах төлөвлөгөөний дагуу ажиллаад ирлээ. Энэ төлөвлөгөөний дагуу цэргийн зарим анги салбараас хугацаат цэргийн албан хаагчдыг дайчилж, сумын төвийн нийтийн хэрэгцээний газруудыг цэвэрлүүлэх, ариутгуулах ажлыг зохион байгуулсан. Цэцэрлэг, сургууль, захиргаа, төрийн бусад байгууллагууд үерт нэлээд нэрвэгдсэн учраас одоогоор хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна. Ойрын үед Улсын онцгой комиссоос албан ёсоор үнэлгээг нь мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна.
Мөн үерийн улмаас хамгийн их хохирол учирсан аймаг бол Баян-Өлгий. Тус аймаг руу эхний ээлжийн тусламжууд явсан. Тэнд мөн адил цэргийн ангиуд ажиллаж байна. Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ хараахан эцэслэгдээгүй ч урьдчилсан байдлаар нэлээд их дүн гарахаар байгаа. Яамдаас мэдээллээ авч нэгтгээд долдугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх” гэлээ.