УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий гурван иргэн ҮХЦ-д гомдол гаргажээ. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тус тойргийн нөхөн сонгуулийг энэ сарын 1-нээс эхлүүлж, аравдугаар сарын 7-нд санал хураахаар УИХ тогтоосон юм. Гэтэл энэ нь Үндсэн хуулиар олгосон ир - гэдийн сонгогдох эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан иргэд үзсэн аж. Тодруулбал, төрийн албан хаагч сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх хуультай бөгөөд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй юм байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 41.1, 41.2 дахь заалт буюу зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Уг гомдлын дагуу 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлох тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоохоор ҮХЦ-д маргаан үүсгэн шалгаж буй талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.