АТГ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийв. Тус хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар оролцож, энэ сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох хэрэг ямар шатанд байна вэ?
-Мөрдөн шалгаж байгаа. Прокурорын санал, шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ авсныг та бүхэн мэдэж байгаа. Одоо Монгол Улсын хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглон гадуур шалгаж байна.
-АТГ-ын дарга С.Баярыг албан өрөөндөө дуудаж уулзсан бичлэг цацагдсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?
-АТГ-ын дарга хэрэг бүртгэл, мөрдөн байцаах үйл ажиллагаатай танилцах эрхтэй. Үүний дагуу яллагдагчийн хүсэлт, прокурорын зөвшөөрөл, хяналттайгаар уулзсан.
-Яллагдагч ямар хүсэлт тавьсан юм бол?
-Тодорхой асуудлаар шалгуулах, анхаарал тавьж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хууль бус хүсэлт тавиагүй. Яллагдагчид иймэрхүү хүсэлт гаргадаг. Хүсэлтийнх нь дагуу уулзаж, тайлбар өгдөг. Уг уулзалт мөрдөн байцаалтад нөлөөлөхгүй.
-АТГ-ын дарга өмнө нь яллагдагчийн хүсэлтээр уулзаж байсан уу?
-Эрхийнхээ дагуу яллагдагчидтай уулзаж байсан. Энэ нь яллагдагчийн хашиж байсан албан тушаалтай ямар ч хамаагүй. Яллагдагчийнхаа хувьд хүсэлт тавьж, уулзсан гэсэн үг.
-Ерөнхий сайд АТГ-ын даргыг “Ажлаа өг” гэж шахсаны улмаас өөрт нь хамааралтай хүнийг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл гараад байгаа. МИАТ-ийн дэд даргыг хорьсон нь үнэн үү?
-МИАТ-ийн дэд даргыг өмнө нь эрхэлж байсан албан үүрэгтэй нь холбогдуулж шалгаагүй. АТГ-аас шалгаж байгаа хэргүүд ямар нэгэн нам, улстөрчийн захиалга, хүмүүсийг хагаралдуулах зорилгогүй. Хэргийн шинж, үндэслэл бүхий мэдээллийг манайд ирүүлж, улмаар прокурорын хяналт, шүүгчийн зөвшөөрлөөр шалгаж байгаа. Дөнгөж шалгагдаж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-“60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбоотойгоор үйл явдлууд өрнөж байгаа үед энэ хүнийг баривчилсан нь яах аргагүй анхаарал татаж байна.
-“60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбоотойгоор манайхаас тодорхой мэдээлэл өгсөн. УИХ-ын нэр бүхий гишүүдэд ч эрхийнхээ дагуу тайлбар хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас ч тайлбар өгсөн. Нэгэнт прокурор шийдвэрлэсэн хэргийг дахиж шалгах эрх бидэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, АТГ санаачилгаараа уг хэргийг үргэлжлүүлэн шалгах эрхгүй. Нөгөө талаас энэ хэргийн талаар нийтийн сонсгол зохион байгуулах, эсэх талаар ярьж байгаа. Прокурорын байгууллага энэ талаар нийтэд мэдээлж болно гэж үзвэл бид тайлбарлахад бэлэн. Уг хэрэг хаанаас эхлэлтэй, хэрхэн шалгаж ирсэн, ямар ажлын хэсэг байгуулсан, шалгалтаар юу юу тогтоогдсон, нотлох баримтын түвшинд ямар баримт цугларсан, хэргийг хэрхэн хаасан бэ гэдгийг тайлбарлах боломжтой.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан, өдгөө МИАТ-ийн дэд дарга албан тушаалтай Н.Энхбаатарыг саатуулан шалгаж буй талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн эл хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэл өгөх ёстой. Энд ямар нэгэн нам, улс төрийн захиалга байхгүйг дахин хэлье. Үүнийг прокурорын байгууллагын хяналт, шүүгчийн зөвшөөрлөөр хийсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг үйлдэл дээрээ баригдсан, 600 сая төгрөгийн авлига авсан гэх зүйл байхгүй. Авлигын гэмт хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа нь үнэн. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Цагдан хорих, үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх шийднэ.
-АТГ-аас сүр дуулиантайгаар шалгаж эхэлсэн, томоохон хэргүүд замхарч, алга болдог гэдэг шүү дээ.
-Томоохон хэргүүд замхарлаа, шийдэгдэхгүй байна гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Нэг талаас бидний ажиллах хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж, мөрдөн шалгах ажиллагааны аргачлал өөрчлөгдсөн. Нөгөө талаас авлига, албан тушаалын хэргийг хурдан шалгаад шийдчихдэггүй. Энэ төрлийн хэрэг үйлдсэн хүмүүс ул мөрөө баллах, гол нотлох баримтаа устгадаг. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа удааширдаг. Мөн АТГ-ын ажлын ачааллыг харгалзах ёстой болов уу. Улсын хэмжээнд 28 мөрдөн байцаагч ажиллаж байна. Нэг мөрдөн байцаагч 20-30 хэрэг дээр ажиллаж байна.
-Гэхдээ зарим хэргийг маш хурдан шийддэг. Тиймээс ч “60 тэрбум”- ын гэх илэрхий хэргийг илт нуун дарагдуулж, хааж байна гэж хардаад байх шиг.
-Хэргүүдийг шалгахдаа улс төрийн өнгө аясаар ханддаггүй. Зарим хэргийг сонгуулийн үеэр шийдвэрлэсэн тохиолдол бий. Энэ нь өргөдөл, гомдол гаргасан цаг хугацаатай холбоотой гэсэн үг. Харин хэн нэгнийг захиалгаар хэрэгт татдаггүйг дахин албан ёсоор хэлье. Мөн Мөрдөн шалгах хэлтэст орон тоо нэмэх шаардлагатай талаар түрүүнд дурдсан. Бид байгаа хүчээ дайчлан ажиллаж байна. Нийгмээс хүлээлт их байгааг ч мэдэрдэг. “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар одоо прокурорын байгууллагаас асуух хэрэгтэй. Бид шаардлагатай бүх материалыг тус байгууллагад өгсөн. Тэд шийдвэрээ гаргасан.
-Танайхаас эл хэргийн талаар прокурорын байгууллага руу чухам ямар санал, дүгнэлт хүргүүлсэн юм бэ?
-Өмнө нь үйлчилж байсан хууль, эрх зүйн хүрээнд шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан. Тодруулбал, 19 хоног шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Нийслэлийн прокурорын газарт өгсөн. Дараа нь дээд шатны прокурор эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргасан. Улмаар гурван талын шалгалт, шинжилгээ хийгээд, “Нотлох баримт эх хувиараа байх ёстой” гэж үзсэн. Ийнхүү нотлох баримтын шаардлага хангаагүй учир хэрэг бүртгэлийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тэд хэргийг хаасан.
-”60 тэрбум”-ын хэрэг гарсан нь үнэн юм байна. Харин АТГ үүнийг баталж чадсангүй гэж ойлгож болох уу?
-Хэрэг хийсэн, үгүйг шүүх шийдвэрлэнэ. Энэ талаар прокурорын байгууллага шийдвэрээ дэлгэрэнгүй мэдээлсэн. Прокурор нэгэнт эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан байхад бид тайлбар хийх боломжгүй.
-Танай байгууллагаас яагаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан гомдол гаргасан юм бэ?
-УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол гаргах эрх нь бүх иргэнд бий. Парламентын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд хориглодог. Манай байгууллагын шалгаж байгаа хэргүүдийг “Алга болчихлоо” гэх мэтээр ярьж байгаа нь бидний ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн ажиллагаа юм. Үүнийг гишүүний ёс зүйтэй холбоотой тавьсан гэж ойлгож болно. Мөн ганц Л.Оюун-Эрдэнэ бус, нэр бүхий 25 гишүүнтэй холбоотой гомдол юм. Гишүүний халдашгүй байдалд халдсан үйлдэл биш.
-Ерөнхийлөгч Х.Баттулга мөн танай байгууллагын үйл ажиллагааг шүүмжилдэг, удирдлагыг нь өөрчлөх санал ч гаргасан. Тэгэхээр АТГ Ерөнхийлөгчтэй холбоотой гомдол гаргаж болох нь ээ?
-Хууль, эрх зүйн хувьд гаргалгаа нь ямар вэ гэдгийг судалж байгаад шаардлагатай бол гомдол гарган хүргүүлж болно.