Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр цалин тэтгэвэр нэмэх талаар мэдээллээ. Тэрбээр “ХНХЯ-наас цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж буй.
Эрүүл мэндийн салбараас Мэс засал, Сэхээн амьдруулах тасгийн сувилагч, боловсролынхоос бага ангийн багш нар хамгийн ачаалалтай. ХНХЯ цалингийн шатлалыг өөрчилнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрнэ.
Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300 000 төгрөг болгон, нэмэх саналтай байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 350 000 төгрөг болгох санал гаргасан. Үүнд инфляц, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд, ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ” гэсэн юм.
Тэрбээр мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтмол орлоготой өрхийн тоог олшруулах зорилгоор ХНХЯ “Гэрээт малчин, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” хэрэгжүүлэх болсон талаар мэдээллээ. Үүний хүрээнд хот суурин газраас хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэн, олон малтай айлд гэрээгээр ажиллуулах аж.
Нийслэл болон орон нутгийн төвөөс гэр бүлээрээ суманд очиж гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуус, нөгөө талаас олон малтай ч ам бүл цөөтэй, гэрээт малчин авах хүсэлтэй айлуудын судалгааг тус яамнаас орон нутаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан наймдугаар сарын 1-нээс хийх юм байна. Улмаар ажиллах хүсэлтэй хүмүүсийг ажил олгогч малчидтай холбох аж.
Мал маллахаар орон нутгийг зорих иргэдийн нүүдлийн зардал, нийгмийн даатгалынх нь 50 хувь, мөн ажил олгогч малчны нийгмийн даатгалын 50 хувийг тус сан хариуцах аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 400 орчим иргэн тогтмол ажил, орлоготой болох тооцоо гаргажээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд 10, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээлийг жилийн 8.4 хувийн хүүтэй олгодог. Энэхүү зээлийн эргэн төлөлт 99.5 хувьтай аж. Гэвч эл зээлийг орон нутагт салбаргүй банкуудад байршуулсан нь хүртээмжийг хязгаарлаж байжээ. Тиймээс тус сангийн зээлийг цаашид сум, орон нутагт хамгийн олон салбартай ХААН, Төрийн банкаар дамжуулах олгох болжээ.
Бэлтгэсэн: М.Оч