МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Найман сарын өмнө болсон намын их хурлаар гишүүдийнхээ ёс зүйд онцгой анхаарал хандуулах зорилгоор Ёс зүйн хороо байгуулсан. Ёс зүйн хорооны даргыг Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар томилдог байхаар дүрэмд өөрчлөлт оруулсан.
Намын их хурлын энэ шийдвэр нь нийгэмд ёс зүй, шударга ёс тогтооход МАН-ын гишүүд оройлж оролцох үүргийг нэмэгдүүлэх зорилготой. Уг шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх үүднээс Хяналтын ерөнхий хороо болон аймаг, дүүргийн Хяналтын хорооны гишүүдийн сургалт, семинарыг хэд хоногийн өмнө зохион байгууллаа.
Манай намын гишүүд, дэмжигчид хэд хэдэн асуудалд онцгой анхаарч, санал, шүүмжлэл хэлж буйг энэ үеэр хяналтын хорооны гишүүд хөндөж байв. Тухайлбал, намын боловсон хүчний бодлого алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс албан тушаалд томилогдсоноор намын нэр хүнд унаж байна, намын гишүүд нэр холбогдсон, үнэн, худал нь мэдэгдэхгүй “60 тэрбум”-ын хэргийг нэг тийш нь болгооч гэсэн санал цөөнгүй гарчээ. Түүнчлэн нэр бүхий хүмүүс оффшор данстай нэр холбогдоод буйг ч зохих хууль хяналтын байгууллагаар шийдүүлж, үнэн, худлыг тогтоох, буруугүй бол гишүүдийнхээ нэр төрийг нь цэвэрлэж сэргээх талаар анхаарах хэрэгтэй гэлээ. Гишүүд ийм нийтлэг асуудлуудаар санал, шүүмжлэл тавьж байгаатай намын удирдлага танилцаж, байр сууриа илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулаад дараах хэдэн чиглэлээр МАН-ын Хяналтын ерөнхий хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо. Нэгдүгээрт, намын нөхдийн гаргасан санал, шүүмжлэлийг хүлээн авч, гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд дүрмийн дагуу намын удирдлагад хатуухан шаардлага тавьж ажиллана. Ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод эв нэгдэл, зохион байгуулалтыг бэхжүүлэхийн тулд гишүүдээ шаардана.
Удахгүй хуралдах намын Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар удирдлагуудад хатуу шаардлага тавина. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хурлаа зарлан, хуралдуулж чадахгүй байна. Үүнд Хяналтын ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж байгаа. Манай намын анхан шатны үүр, хороодын идэвх нэлээд суларсан байна. Үүнийг идэвхжүүлэхийн тулд зохих ажлууд хийнэ.
Сүүлийн үед намын тодорхой улс төрийн албан тушаалтныг үнэн, худал нь мэдэгдэхгүй хэрэгт буруутган их ярьж байна. Үүнд Хяналтын ерөнхий хороо намынхаа гишүүдийн нэр төрийг хамгаална гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар идэвх санаачилгатай ажиллахыг намын удирдлагад сануулна. Үүний зэрэгцээ үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаж, хүлээлгэсэн үүрэг, хариуцлага, итгэл найдварыг алдаж байгаа хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллах болно. Энэ бүхнээ ажил хэрэг болгохын тулд намын Хяналтын ерөнхий хорооны дээд хурлыг энэ пүрэв гарагт зарлан хуралдуулахаар боллоо. Уг хурлаар сахилга хариуцлага, намын удирдлагад тавих шаардлагуудын талаар хэлэлцэнэ” гэлээ.
Бэлтгэсэн: А.Амина