УИХ-ын гишүүн Д.Муратыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгалаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн буруутган яллагдагчаар татсан юм. Энэ хэргийг мэдэж байсан атлаа худал мэдүүлэг өгсөн хэмээн түүний туслах М.Елузагийг Эрүүгийн хуулийн 21.2.1 дэх хэсгийн “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” хэмээн бас буруутган прокурор яллах дүгнэлт үйлдсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, улсын яллагчаар НПГ-ын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг, хохирогч Д.Бахытгүл, шүүгдэгч дээрх хоёр хүн, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн шүүх хурал Д.Мурат, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай болсон юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Д.Мурат М.Елузаг нарт холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчдийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6 539 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” хэмээн мэдээллээ.