Иргэний Зориг Ногоон Намыг УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд орох эрхийг нь хасаад байгаа билээ. Тэгвэл Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам-ын төлөөллүүд сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэж үзэн өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэд мэдэгдэлдэл хийхдээ "Монголын төр эзэнгүй айл лугаа болоод удаж байна. МАН-АН эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө өрсөлдөгч намууд, хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байхын тулд элдвийн хиймэл саад бэрхшээл учруулсаар байна. Төрийн алба эмх цэгцтэй байдлаа алдаж гэмт хэрэгтнүүд сүрэглэн шургадаг, хууль бус үйлдлээ хамгаалуулдаг цайз болон хувирав. Хулгай дээрэм, авлига хээл хахууль, аллага, архидалт завхайрал, хуйвалдаан хавтгайрсан нь өнөөг хүртэл төр засгийн эрхийг ээлжлэн болон хамтран барьж ирсэн МАН, АН-ын үйл ажиллагаатай шууд холбоотой" гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хурлын үеэр хэлэхдээ "Монголд улсад МАН-АН-ын эсрэг дуугардаг, тэмцдэг, луйвар булхайг нь илчилдэг, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг хүмүүс улс төрийн хүчнүүд байгаа. Тэд өрсөлдөгч намууд, хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байхын тулд элдвийн хиймэл саад бэрхшээл учруулсаар байна. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц, хууль шүүхийн байгуулагынхныг ашиглан нөхөн сонгуулийг болгохгүй хэмээн улайран зүтгэж байна" гэв.
Мэдэгдэл хийсэн дөрвөн нам дараах үзэл баримтлал дээр нэгджээ. Үүнд:
- 60 тэрбумын луйвар булхайн талаар олон түмний өмнө нээлттэй сонсгол хийх
- Хүн хулгайлах, төрийн яаманд хүн алах ажиллагааг далдуур өөгшүүлсэн Засгийн газрыг нэн даруй огцруулж хариуцлага хүлээлгэх
- Засгийн газар Үндсэн хууль зөрчин УИХ-ын бүрэн эрхэнд халдан төр засгийн байгууллагыг санаатайгаар удаан хугацаанд эзэнгүй байлгаж байгааг засах
- Оюу толгойн гэрээг цуцлах эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах шийдвэр гаргах
- Шинэ дээд хуулийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлэн балтах.
Мэдэгдлийнхээ төгсгөлд "УИХ эдгээр асуудлыг шийдвэрлэхийг хүсэхгүй, шийдвэрлэж чадахгүй бол манай намууд УИХ-ыг тараах санал асуулгыг улс орон даяар өрнүүлж болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.