А.Амина
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, УИХ-ын дарга “60 тэрбум”-ын асуудлаар уучлал гуйсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Би УИХ-ын даргад энэ сарын 20-ны дотор “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлэн, уучлал гуйх, эвлүүлэг хэмээн хаагдсан энэ хэргийг сэргээн шалгуулах, ээлжит бус чуулган зарлаж уг асуудлыг хэлэлцэх, АТГ-ын удирдлагад хариуцлага тооцох зэрэг шаардлага тавьсан.
Өчигдөр (2018.08.20) 18:00 цагт шаардлагынхаа хариуг бичгээр авлаа. Уг бичигт “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон одоо ч хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй. Гэвч өнөөдрийг хүртэл “60 тэрбум”-ын гэх асуудалтай нэр холбогдож, намынхаа нэрийг уг асуудалд хутгалдуулсандаа туйлаас харамсаж байна” гээд МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хандсан бичиг хавсаргасан байна.
Мөн Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-тай холбоотой хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгосон. Тагнуулын ерөнхий газраас шинэ мэдээллүүд ирсэн учраас асуудлыг дахин нягталж үзэх зайлшгүй шаардлага үүссэн гэжээ. Бас МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ улиралд багтаан М.Энхболд болон бусад хүний асуудлыг намын Удирдах зөвлөлөөр оруулж, ёс зүйн хариуцлага тооцуулах шийдвэр гаргасан.
Түүнчлэн энэ долоо хоногт багтаан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах тов тогтоох чиглэл өгсөн. Эхлүүлсэн ажлын маань явц ийм байна. УИХ-ын дарга М.Энхболд харамсаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь сүүлийн 27 жилийн түүхэнд төрийн гурван өндөрлөгийн хэн нэгэн нь уучлал хүссэн анхны тохиолдол юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цааш нь ярихдаа “Манай хууль хяналтын байгууллага тогтолцооны томоохон гажуудалд орчихсон нь энэ явдлаас тодорхой харагдаж байна. “60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг гээд хэргийг хаачихсан байснаа олон нийт араас нь сар гаруй хөөцөлдөхөд эргээд нээчихлээ. Нотлох баримттай, тодорхой хэрэг дээр ингэж байна шүү дээ. Гэхдээ тэмцэхэд үр дүн гарлаа. Цаашид ямар ч бичлэггүй, нотлох баримтгүй хэрнээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүд дээр бид ажиллах хэрэгтэй.
“Стандарт” банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаасан хэрэг, бондын зарцуулалт, төмөр зам гэх мэт дуулиануудад цэг тавьж, мухарлахгүй бол энэ олон ээдрээтэй хэрэг иргэдийн шударга ёсонд итгэх итгэлийг үгүй хийж байна. Монголчуудын 97 хувь нь шударга ёсыг хүсэмжилж буй гэсэн судалгаа гарсан. Энэ бол шударга бус зүйлийг Төрийн ордон дотроос засаж чадахгүй бол иргэд гаднаас нь засахад бэлэн болсон гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүдэд шударга ёсны төлөө нэгдэхийг уриалж байна” хэмээсэн.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ээлжит бус чуулган зарлах эрх зүйн боломж бий гэж үзэж байна уу?
-Ээлжит бус чуулган зарлах, эсэхийг энэ долоо хоногт багтаан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм байна гэж ойлгосон. Ээлжит бус чуулган зарлахыг шаардаж гарын үсэг зурсан гишүүд өчигдөр уулзсан. Өнөөдөр мөн ярилцана. Дараагийн алхмуудаа зөвлөнө. Байнгын хороо хуралдвал бид оролцоно.
Ер нь бол Ерөнхийлөгч, УИХ-ын 26 гишүүн шаардсан байхад шууд ээлжит бус чуулган зарлах Үндсэн хуулийн заалттай. Хэрэв ээлжит бус чуулган хуралдуулахгүйгээр ээлжит чуулгантай золгох юм бол энэ нь Үндсэн хуулийн зөрчил болно. Тэгэхээр заавал ээлжит бус чуулган зарлах ёстой гэж бодож байна.
Би байнгын хорооны даргатай нэг удаа уулзаж, нэг удаа албан бичгээр хандсан. Тэгэхэд “Хууль эрх зүйн орчин зөрчилдөж байна” гэж хэлсэн. Түүнийгээ олон нийтэд тайлбарлахыг хүсэхэд хүлээж аваагүй. Нөгөө талаас нь харвал, гишүүдээ цуглуулж, асуудлаа ярих ёстой дарга нь ганцаараа байнгын хорооны өмнөөс яриад явж болохгүй л дээ. Энэ бол хуулийн гажуудал.
-УИХ-ын дарга М.Энхболдын ирүүлсэн албан бичиг танд хангалттай санагдаж байна уу?
-Би түүнд “Уучлал гуй” гэсэн шаардлага хүргүүлсэн. “Харамсаж буйгаа илэрхийлье” гээд гарын үсэг зураад өгсөн байна. Би бол үүнийг буруугаа хүлээгээд, харамсаж буйгаа илэрхийлжээ гэж ойлгож байна. Харамсаж буйгаа бичгээр илэрхийлнэ гэдэг бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл.
Энэ бол улс төрд сайн, соёлтой жишиг тогтохын эхлэл, жижиг ч гэсэн ахлам юм. Цаашид үнэнээ хэлээд, уучлалт гуйчихдаг болмоор байгаа юм. Манай орны хувьд, М.Энхболд гэдэг хувь хүнээс ийм бичиг гарахад тийм ч амар байгаагүй болов уу.