Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх боллоо. Тэр дундаа сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Цаашид цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтов. Салбарын ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласан /ЭМСҮХолбоо/ тэргүүн Б.Мягмартаа баярлалаа" гэв.
Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг нэмэгдүүлэхээр болов.
Соёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болов. Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд Төрийн албаны удирдах албан тушаалтнууд, төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтан, шүүх, прокурорын албан хаагчид хамрагдахгүй.
Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.