УИХ-ын гишүүний албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын оронд хэнтийчүүдийг төрд төлөөлөх хүнийг тодруулах нөхөн сонгууль ирэх сард болохгүй байх нөхцөл бүрдлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцээд “УИХ 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна” гэсэн шийдвэр гаргалаа.
Тодруулбал, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн дүгнэсэн аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа УИХ иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн тул түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Д.Лүндээжанцан оролцсон юм.
Бэлтгэсэн: А.Амина